Толгойт-Амгалан хоорондын замын 406 дугаар км-ийн долдугаар зуутад байрлах төмөр замын бетон гүүрийн доогуур барилгын компани “Төмөр замын аюултай бүсийн дэглэм” зөрчиж, шуудуу ухаж, гүүрийн тулгуур бетон суурийг гэмтээж эвдсэн ноцтой зөрчил гарсан. Тухайн хууль бус үйл ажиллагаа нь өнгөрсөн сарын 21-ний өдөр эхэлснийг УБТЗ-ын Замын II ангийн замын эргүүл илрүүлэн ангийн захиргаандаа яаралтай мэдэгджээ.
Мэдээллийн мөрөөр Замын II ангийн удирдлагууд газар дээр нь очиж, үйл ажиллагааг нь зогсоосон боловч хоёр хоногийн дараа дахин үргэлжлүүлэн ухсаныг мөн тухайн үед нь зогсоож, холбогдох байгууллагуудад хандаж, сэргээн засахыг шаарджээ. Уг шаардлагын дагуу тухайн барилгын компани сэргээн засварлах ажлыг хийж дууссан байна.
Сэлбэ голын дээгүүр тавьсан энэхүү гүүр нь 50 метрийн урттай, хоногт 36 болон түүнээс дээш тооны галт тэрэг өнгөрдөг ачаалал өндөртэй гүүр бөгөөд төмөр замын аюултай бүсэд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулах нь галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдалд эрсдэл учруулах үйлдэл юм.