Цагдаагийн ерөнхий газар (ЦЕГ)-аас Олимпийн аварга Н.Түвшинбаярт холбогдох хэргийн талаар мэдээлэл хийж байна. Тодруулбал, цагдаагийн байгууллагаас энэ хэрэгт холбогдуулан өчигдөр орой (2021.04.04) Н.Түвшинбаярыг хойшлуулшгүйгээр албадан 48 цагийн хугацаатай баривчилжээ.
Н.Түвшинбаярыг хүний биед хүнд гэмтэл учруулсан гэх хэргээр яллагдагчаар татан, өмгөөлөгчийн хамтаар байцаалт авчээ. Шүүх эмнэлэгт гэмтлийн зэргийг тодорхойлохоор ажиллаж байгаа аж. Хуульд заасны дагуу Н.Түвшинбаярт таслан шийдвэрлэх арга хэмжээ авч ажиллах юм байна. Холбогдох гэрчүүдээс тайлбар авчээ. Хохирогч Э.Энхбатын хувьд ГССҮТ-ийн Сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байна.
Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.БААТАРХҮҮ:
-Цагдаагийн ерөнхий газарт 2021 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдөр 21:29 цагийн үед Хан-Уул дүүргийн нэгдүгээр хороонд “Залуу монгол корпораци”-ийн байранд хүн зодолдоод байна гэх дуудлага мэдээлэл ирсэн. Дуудлагын дагуу тус дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид хэргийн газарт очиж, гэрчүүдээс мэдүүлэг авсан. Энэ хэрэгт холбогдуулан Н.Түвшинбаяраас өмгөөлөгчийг байлцуулан мэдүүлэг авсан.
Олимпийн аварга Н.Түвшинбаярыг өчигдөр орой 23:00 цагийн орчимд Цагдан хорих 461 дүгээр ангид хүний биед хүнд гэмтэл учруулсан гэх үндэслэлээр яллагдагчаар татан хорьсон. Энэ хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа бөгөөд маргааны шалтгааныг тодруулахаар мөрдөн шалгаж байна. Н.Түвшинбаярын тухайд гэмтлийн зэргийг тодорхойлохоор шүүх шинжилгээний эмнэлэг ажиллаж байна. 11.1 дагуу хүний эрүүл мэндэд санаатай хүнд гэмтэл учруулсан зүйл заалтыг үндэслэн, цаашид үргэлжлүүлэн хорих эсэхийг шийдүүлэхээр прокурорт хандаад байна.