УИХ-ын Хүний эрхийн дэд хороо өнөөдөр /2021.04.06/ зэвсэгт хүчний анги, салбарт гарсан хүн амины гэмт хэрэг тойрсон асуудлаар холбогдох албаны хүмүүсээс мэдээлэл сонслоо.
УИХ-ЫН ГИШҮҮН С.ОДОНТУЯА:
-Та нарын цалин хөлс, хангамж чинь багадаад байдаг юм уу. Эсвэл бодлого нь болохгүй байдаг юм уу. Асуудал нь яг хаана байна вэ. Та нарын сэтгэл дутаж байна гэж дүгнэмээр байна. Та нар өнөөдөр хамгийн тааламжтай нөхцөлд ажиллаж байгаа хүмүүс. Хэрвээ эдгээр 12 хэрэг гарахын өмнөх эхний хэрэг дээр нухацтай ажилласан бол дараагийн 11 хэрэг гарахгүй байх байсан. 11 аав, ээж хагацал зовлон амсахгүй байх байлаа. Хэн хариуцлага хүлээсэн юм. Африк гаралтай америк эрэгтэй Жорж Флойд амиа алдсан хэрэг эцсээ хүртэл явж байна. Конгресс авч үзэж энэ хүний нэртэй хууль хүртэл гарч, бүх муж нь Цагдаагийн албан хаагчмийн журамд өөрчлөлт оруулж байна. Гэтэл манайд ямар ч арга хэмжээ авахгүй 3 саяулаа үхээд дуусах юм уу. Эцэг эхчүүдийн хяналтыг тавимаар байна гэж иргэдээс маш олон санал, хүсэлт ирж байна. Өнөөдөр асуудлыг сенсаци болгоод өнгөрөх төдий хоосон хандах ёсгүй. Хариуцсан хүмүүс нь богино, дунд, урт хугацаанд яг юу хийх вэ гэдэгт УИХ-аас ажлын хэсэг гарч бидэнд ирүүлэх хэрэгтэй. Эрхзүйн орчин болон төсөв мөнгө нь хүрэлцдэггүй юм бол бид оролцъё. Шаардлагатай гэвэл хохирогчдыг оролцуулсан нээлттэй сонсгол явуулъя. Залуусыг эх оронч, чийрэг бие бялдартай болгох гэж цэрэгт явуулдаг болохоос биш нэг хариуцлагагүй даргын гарын шүүс болгохыг хүлээн зөвшөөрөхгүй. Хэргийг шийдэх хүртэл нь явна.
ЗХЖШ-ЫН ДАРГА Д.ГАНЗОРИГ:
-Бид асуудлыг хуулийн дагуу шийдүүлнэ. Тухайн хэрэгт холбогдсон салаан дарга Г зохих ёсны дагуу шийтгэлээ хүлээнэ. Бидэнд ямар ч хаалт байхгүй. Сүүлийн хоёр жилд 12 хэрэг гарлаа гэж та хэлж байна. Надад ийм тоо алга. Энэ мэдээллийг та хаанаас авсан бэ. Хэрэг гарсан хамгийн оргил үе нь 2018, 2019 онууд байсан. Одоо 50 хувиар буурсан. Бидний авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд үр дүнгээ өгч байгаа боловч эцсийн дүндээ асуудал бүрэн шийдэгдээгүй байна. Гарч буй хэргүүдийг Зэвсэгт хүчний анги нэгтгэлүүд дангаараа шийдэж чадахгүй.
УИХ-ЫН ГИШҮҮН С.ОДОНТУЯА:
-Та маш буруу ярьж байна. Яагаад нэг цэргийн амь нас эрсдэхэд хариуцлагыг чангаруулж болоогүй юм бэ. Яагаад заавал олон хүн амиа алдаж байж эрчимжүүлэх ёстой юм. 2018 онд хэргийн оргил үе гэж ярих нь буруу. Зэвсэгт хүчний анги нэгтгэлүүд дангаараа шийдэж чадахгүй гэдэгтэй санал нийлж байна. Хүч хүрэхгүй ажлаа бидэнд яаралтай танилцуулах хэрэгтэй.
ЗХЖШ-ЫН ДАРГА Д.ГАНЗОРИГ:
-Сүүлийн таван жилийн үзүүлэлттэй харьцуулаад 2018, 2019 онууд оргил үе нь байсан гэж тодотгосон юм. Үгийн алдаа гаргасанд уучлаарай. Цэргийн байгууллагууд төсөв мөнгөний хувьд хязгаарлагдмал байдаг. Төсөв хөрөнгөөс гадна хууль эрх зүйн зохицуулалт бидэнд чухал байна.
УИХ-ЫН ГИШҮҮН Ц.МӨНХЦЭЦЭГ:
-Хугацаат цэргийн алба хаагчдын эрүүл мэнд, амь насанд халдаж байгаа нь хүний эрхийн ноцтой зөрчил. Цэрэгт дэг байх ёстой гэсэн хэвшмэл ойлголтыг өнөөдөр хүлээн зөвшөөрч болохгүй. Ямар асуудал болохгүй болоод одоо хүртэл цэргийн дэг байгаад байгаа юм бэ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарилгаар цэргийн дотоод албаны дүрэм гэж гарсан. Энэ дүрэм яагаад хэрэгжихгүй байна вэ. ХЭҮК энэ тал дээр ямар бодлого барьж ажиллах вэ.
ЗХЖШ-ЫН ДАРГА Д.ГАНЗОРИГ:
-Цэрийн өдөр тутмын үйл ажиллагааг дотоод албан дүрмээр зохицуулдаг. Үүнд цэргийн албан хаагчдын ёс зүй хэм хэмжээг заасан байдаг. 100 хувийн хангалттай байхаас 66 хувийн хангалттай байна. Энэ бүхнийг цэгцлэхэд та бүхний дэмжлэг хэрэгтэй.
ХЭҮК-ЫН ГИШҮҮН Б.ЭНХБОЛД:
-2020 онд ХЭҮК-т цэргийн албан хаагчдаас гомдол ирээгүй. Дотооддоо гомдол мэдээлэл авч, шийддэгтэй холбоотой. 2013-2020 онд 125 гэмт хэрэг цэргийн албанд үйлдэгдсэн. Үүний 98 нь хүч хэрэглэсэн гэж прокурорт шилжсэн.
УИХ-ЫН ГИШҮҮН Б.БАЯРСАЙХАН:
-Хөдөлмөрийн чадвараа алдсан, хөгжлийн бэрхшээлтэй болсон хэчнээн хүн байна вэ. Салаа, жагсаалын дарга нар дураараа авирлах, яргалал чөлөөтэй үйлдэх боломжийг олгодог газар байна. Би танд энэ асуудал дээр төсөв битгий яриасай гэж бодож байна. Цаашдаа ийм байдал гаргахгүйн тулд сургалт явуулна гэж байна. Хэрвээ дахиад ийм байдал гарвал яах вэ. 2008 оноос эхлээд цэргийн сэтгэл судлаач бэлтгэж эхэлсэн гэж байна. Цэргийн сэтгэл судлаачдыг хэрхэн яаж бэлтгэж байна вэ.
ЗХЖШ-ЫН ДАРГА Д.ГАНЗОРИГ:
-2016-2020 оны байдлаар хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг 62 гарсан байна. Амиа алдсан хүн хоёр, гэр бүлийн хүчирхийлэл хоёр гарсан. Ёс суртахууны байдал дээр бид ажилладаг. Зэвсэгт хүчин өнгөрсөн 100 жилийн хугацаанд ёс зүйтэй ажилласаар ирсэн. Зэвсэгт хүчин рүү орж ирж байгаа хугацаат цэргийн албан хаагчид нийгмийн янз бүрийн давхаргаас, ялангуяа хамгийн амьдрал хүнд газраас ирж байна. Энэ бүх хүмүүстэй жилийн хугацаанд ажиллаад тухайн хүмүүсийг төлөвшүүлээд явуулахад хүндрэлтэй. Сэтгэл зүйчийн хувьд цэргийн анги байгууллагууд дээр нэг хүн байгаа. Тэр нь Цэргийн төв эмнэлэгт ажилладаг. Бусад нь тодорхой хэмжээний сургалт төгссөн хүмүүс байдаг.
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Г.САЙХАНБАЯР:
-Зэвсэгт хүчин, Батлан хамгаалах яаманд хууль эрх зүй, хангамж, орон тоо асуудалтайгаас хүн амины хэрэг гараад байгаа юм биш. Энэ бол шат шатандаа хариуцлага яаж суларсныг, ажлаа яаж хариуцаж байгаагийн илрэл. Тухайлбал, цэргийг хариуцдаг албан тушаалтнууд жанжин штабаас эхлээд салаан захирагч хүртэл маш олон шат дамжлага байгаа. Энэ бол хүнтэйгээ ойр ажиллахгүй байгаатай холбоотой гэж үзэж байгаа. Түүнээс нийгмээс янз бүрийн хүүхдүүд орж ирээд түүнийг нь бид дийлэхгүй болоод байгаа юм байхгүй.
УИХ-ЫН ГИШҮҮН Ж.СҮХБААТАР:
-Хамгийн сүүлд хэрэг явдал болсон цэргийн анги дээр хэзээ, ямар сургалт хийсэн бэ. Эх орныхоо төлөө цэргийн алба хаагаад ирээрэй гээд явуулж байгаа болохоос яргалалд өртүүлэх гэж явуулаагүй. Цаашдаа ямар баталгаа төр өгөх юм бэ. Энэ жил цэргийн албанд очих хүмүүст бид юу хэлэх вэ.
ЗХЖШ-ЫН ДАРГА Д.ГАНЗОРИГ:
-Цэргийн цагдаагийн хэсгийг бий болгосон. Цэргийн цагдаагийн алба эргүүл хийх, дотоод албан дүрмийг хэрэгжүүлэхэд хяналт тавьж ажиллана. Энэ сардаа багтаагаад ажилд нь оруулна.
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Г.САЙХАНБАЯР:
-Батлан хамгаалах яамнаас таван тодорхой арга хэмжээ хэрэгжүүлээд эхэлсэн. Нэгд, офицеруудын мэдлэг ур чадвар, түвшинг тогтооно. Хоёрт, сайдын дэргэд Иргэний зөвлөл байгуулна. Гуравт, иргэдийн нээлттэй утсыг ажиллуулж эхэлсэн. Дөрөвт, хугацаат цэргийн албан хаагчдад цэргийн сэтгэл зүйч, хуульч нарыг бүх ангиуд дээр ажиллуулна. Тавд, хариуцлага тооцох механизмыг хэрэгжүүлнэ.
УИХ-ын гишүүн Н.АЛТАНХУЯГ:
-Г.Сайханбаяр сайд, Д.Ганзориг гэдэг хоёр хүний ярьж байгаа нь хоорондоо их зөрүүтэй байна. Д.Ганзориг гэдэг хүний ярьж байгаа хандлагаар энэ арми өөдлөхгүй. Энэ хүний хандлагын асуудал. Баахан бичиг, цаас болоод л, сэтгэл зүйн зөвлөгөө өгнө, цэрэг дотор цагдаа гаргана гэж юун олон солиотой юм ярьдаг юм. Тоонуудаа та нар нэг болго. Сүүлийн 20 жилд хэчнээн гэмт хэрэг гарчихаад байгаа юм. Ганц хуралдаад өнгөрөх биш, шийдвэртэй ажиллацгаая. Нэг утас ажиллуулмаар байна. Батлан хамгаалахын бүлэглэл дээр утас ажиллуулаад ямар ч хэрэг байхгүй. Хүн алсан хүмүүст ямар хариуцлага хүлээлгэсэн юм бэ. Өчнөөн олон аав, ээж, хохирогчид байгаа. Үүнийг нэг удаагийн яриа, шоу маягийн юм хийгээд өнгөрөөмөөргүй байна.Нэг удаагийн яриа биш томхон өөрчлөлт хэрэгтэй. Хүн дэглээд байгаа хүмүүсийг шорон, гянданд нь явуулах хэрэгтэй. Д.Ганзориг оо, чи хандлагаа өөрчлөхгүй бол зэвсэгт хүчин явахгүй юм байна. Мөнгө төгрөг, орон тоо, байшин сав ярина. Тэр салаан дарга хүн зодоход мөнгө төгрөг, байшин сав ямар хэрэгтэй юм бэ?
ПРОКУРОР Ж.АРИУНАА:
-Сүүлийн жишээг дурдвал, өнгөрсөн оны долдугаар сард Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албанаас ирүүлсэн албан бичгийн дагуу зэвсэгт хүчний ангид үйлдэгдсэн мэдээлэл, судалгааг сүүлийн 10 жилийн байдлаар судалсан. 2010-2020 оны байдлаар зэвсэгт хүчний анги, байгууллагад 506 хэрэг бүртгэл мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан байна. Үүнээс өнөөдрийн байдлаар 92 хувийг нь шийдвэрлэсэн, 105 хэргийг нотлогдоогүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. 506 хэргийн 10 орчим хувь нь ажлын байран дээр үйлдэгдсэн. Бусад нь зэвсэгт хүчний алба хаагчдын нийгмийн харилцаанд оролцох үед эсвэл ахуйн хүрээнд үйлдэгдсэн байдаг.
Алба хаагчдад ёс суртахууны шинэчлэл шаардлагатай байгаа гэдэгтээ санал нэг байгаа. Гэмт хэргийг гарахаас нь өмнө урьдчилан сэргийлэхэд онцгойлон анхаарах шаардлагатай. Он гараад долоо хэрэгт бид хяналт тавьсан. Хоёр хэргийг шүүхэд шилжүүлсэн, нэг хэргийн хэрэг бүртгэлийн хэргийг хаасан, бусад хэрэг нь мөрдөн байцаалтын шатанд явна.
ЦЕГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА, ХУРАНДАА Ц.НЯМ-ОЧИР:
-Цагдаагийн байгууллагад цэргийн албан хаагч хохирсон хэргийн судалгааг 2017-2021 оны нэгдүгээр улирлын байдлаар гаргасан. Энд зөвхөн цэргийн алба хаагч хохирсон судалгаа байгаа. 37 гэсэн тоо үзүүлэлт гарсан. Амь нас хохирсон 16 тохиолдол байгаагаас хүний амь насыг санаатай хөнөөсөн гурван хэрэг бүртгэгдсэн. Дээр нь цэргийн алба хаагч гэмтсэн 21 хэрэг бүртгэгдсэн. Хүний эрүүл мэндэд хохирол учруулсан найман хэрэг бүртгэгдсэн. Дарга захирагч нь хүч хэрэглэсэн зургаа, бие биедээ захирагдахгүй, цэргийн алба хаагчид харилцахдаа дүрмийн бус харьцсан нэг хэрэг бүртгэгдсэн. 37 хэргийн 15-д нь яллах дүгнэлт гарч, 14 нь хэрэгсэхгүй болсон.
УИХ-ЫН ГИШҮҮН М.ОЮУНЧИМЭГ:
-Цэргийн алба хаагчдын дүрмийн бус харилцаа даамжирч дөжирчихсөн юм байна гэдэг дүгнэлтийг Д.Ганзориг даргын яриа, хандлагаас харж байна. Таны хэлж байгаа тоонууд бүгд зөрүүтэй байна. ХЭҮК-оос бидэнд ирсэн мэдээлэлд 2018 оноос хойш 12 удаагийн гэмт хэргийн 10 нь хүний амь нас хохирсон гэж байна. Гэтэл цагдаагийн байгууллагаас 17 гэж байна. Дүрмийн бус харилцаа, ажлын байран дахь хүчирхийлэл, цэргүүдээс хувийн дансандаа мөнгө авах, хувийн шугамаар албадан хөдөлмөр эрхлүүлэх, цэргийн байгууллагад ажилладаг эмэгтэйчүүдийг хүчирхийлэх, дарамтлах хэрэг удаа дараа гарч байсан боловч үүнийг цэргийн нууц гэдгээр мэдээлдэггүй. Эсвэл хохирогчийг дарамтлаад хэргийг дарагдуулдаг. Ийм асуудал байнга гарч байхад яагаад арга хэмжээ аваагүй юм бэ. Би Д.Ганзориг генералыг өөрөө ч хариуцлага хүлээх нөхцлөө бүрдүүлсэн байна гэж харж байна. Сая амиа алдсан байлдагчийг үхэлд хүргэсэн алба хаагч өмнө нь удаа дараа цэргийн сахилгыг зөрчиж, цэргүүдээс хувийн дансаараа мөнгө авч, ажлын байрандаа архидан согтуурч байсан баримт нь надад байна. Та үүнийг мэдэж байсан уу. Яагаад арга хэмжээ авалгүй хоёр жилийн хугацаанд цалингийн 20 хувийг хассан юм бэ. Хүний аминд хүрэх үйлдлийг удаа дараа гаргасан байхад яагаад өнгөрөөгөөд байсан юм бэ. Үүнд та өөрөө хариуцлага хүлээх ёстой.
ЗХЖШ-ЫН ДАРГА Д.ГАНЗОРИГ:
-Дөжирсөн асуудал байхгүй. Бид гарцаа хайж байгаа. Тооны зөрүүгийн тухайд, ирсэн тоон мэдээллээс би зөвхөн хүний эрүүл мэндэд чиглэсэн гэмт хэргүүдийг авч үзсэн. Хуулийн байгууллагуудын тоо бол гэмт хэргийн ангилалтай холбоотой тоонууд. Гэмт хэрэгт холбогдсон цэргийн албан хаагч ял шийтгэлээ хууль ёсны дагуу хүлээж байгаа. Хаацайлсан асуудал байхгүй. Дүрмийн бус харилцааны тухайд бид дорвитой алхмууд хийгээд явж байгаа. Гялбуужамц гэдэг хүн 2017 онд Батлан хамгаалахын сургуулийг муу дүнтэй төгсөх гэж байгаад 2019 онд нөхөн төгссөн. Салаан захирагчаар томилогдоод өнгөрсөн оны долдугаар сард цалингийн хувиар шийтгүүлж байсан. ЗХЖШ-аас гуравдугаар сарын 2-нд тухайн ангид шалгалт орж, энэ асуудлыг шийд гэдэг үүрэг өгсөн байсан. Covid-19-ийн нөхцөл байдлаас болоод энэ асуудал яалт ч үгүй хугацаа алдсан. Түүнээс биш бид хариуцлагаас айсан зүйл байхгүй.
БРИГАДЫН ГЕНЕРАЛ Х.ЛХАГВАСҮРЭН:
-Сүүлийн жилүүдэд хил хамгаалах байгууллагад гэмт хэрэг, сахилгын зөрчил гарах нь буурсан. Санаатайгаар цэргийн алба хаагчийн бие эрхтнийг гэмтээсэн болон амь насыг нь хөнөөсөн хэрэг гараагүй сайн талтай ч цэргийн алба хаагч оргох асуудал гарч байна. Мөн цэргийн алба хаагч амиа егүүтгэх тохиолдол гарч байгаа. Хилийн албаны дүрэм, журам зөрчснөөс амь насаа хохироосон асуудлууд ч бий. Шат шатандаа дүгнэлт хийж, хариуцлагатай ажиллаж байгаа.