Өнөөдөр Засгийн газрын ажлын хэсгээс Оюутолгойн хөрөнгө оруулагч ‘Рио тинто’ компанийн төлөөлөлтэй хийх хэлэлцээ Төрийн ордны Сүхбаатар танхимд эхэлж байна. Засгийн газрын ажлын хэсгийг ахалж буй Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Рио Тинто компанийн Зэсийн группийн гүйцэтгэх захирал б.Болд нар хоёр талаас ахлан хэлэлцээг эхлүүлээд байна.
‘Рио Тинто’-гийн Зэсийн группийн Гүйцэтгэх захирал Б.Болд ‘Бид бүгд нэг завин дээр байгаа шүү. Засгийн газартай хийж буй яриа хэлэлцээрийг урагшлуулж, төслийн үр шимийг бүх талд нэмэгдүүлэх боломж бид бүхний өмнө байна’ гэж үүний өмнөх цахим уулзалтын үеэр онцолж байсан юм.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танхимаа танилцуулах үеэрээ ‘Засгийн газраас Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах, ‘Дубайн гэрээ’-г цуцлах, шинээр байгуулах талаар ‘Рио Тинто’-д санал тавьсан хэмээн мэдэгдсэн. Тэрбээр ‘Уул уурхайн стратегийн орд газруудын шууд өгөөжийг сайжруулна. ‘Оюутолгой’-н гэрээг эрс сайжруулж, Монгол Улс баялгаа ашиглуулсны хариуд өртэй биш, харин өвтэй үлдэх нөхцлийг бүрдүүлэхийн төлөө УИХ-тай нягт хамтран ажиллана’ хэмээн хэлсэн билээ.
Засгийн газар ‘Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай’ 92 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулах ажлыг удирдан зохион байгуулах, Оюу толгой төслийн гадны хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх, төслийг тохирох, эцэслэсэн хувилбарыг Засгийн газрын хуралдаанд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийг 2021 оны 02 дугаар сарын 09-нд шинэчлэн байгуулж ажилд нь оруулсан.
УИХ болон Засгийн газраас байгуулагдсан Ажлын хэсэг:
– Хөрөнгө оруулагч талтай гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах хэлэлцээ хийх
-Гэрээнд заасан Оюутолгой ордын үр өгөөж гэх ойлголтыг илүү нарийвчлан зохицуулж тодорхой болгох
– Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээний ашиг тусыг гадаадын хэт олон субьектэд эдлүүлэхээр байгааг хязгаарлах
-Татварын орчинг илүү нарийвчилж хөрөнгө оруулалтын гэрээнд татвараас зайлсхийх цоорхой байгааг арилгах
-Маргаан гарангуут Монгол улсын хууль шүүхийг алгасан хөрөнгө оруулагч тал шууд Лондонгийн Олон улсын арбитрын шүүхэд ханддаг байдлыг зогсоох
-ТЭЗҮ дэх зардал, түүний хэлбэлзэлд хязгаар тогтоох
-Менежментийн үйлчилгээний төлбөрийг суурь зардалд үндэслэн тогтоож байгааг өөрчлөх
-Монгол улс ногдол ашиг авах хугацааг наашлуулах гээд олон асуудлыг шийдвэрлэх үүрэг хүлээн ажиллаж байна.
Одоогоор Оюутолгойн хөрөнгө оруулагч тал 1,1 их наяд төгрөгийн татварын өрийг Төрийн санд байршуулж, гэрээг шинэчлэхээр ийнхүү хэлэлцээний ширээний ард суугаад байгаа юм.