Иргэн Б.Сүндэръяа өөрийгөө хүчирхийлэлд өртсөн талаар дөрөвдүгээр сарын 11-ний өдөр олон нийтийн сүлжээн дэх хаягтаа мэдээлсэн. Тэрбээр үүнтэй холбоотойгоор цагдаагийн байгууллагад өнөөдөр хандаж байна.
Иргэн Б.Сүндэръяагийн өмгөөлөгч : УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын хийсэн үйлдэл нь гурван төрлийн гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзэн цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байна.
- Хүний мэндийн халдашгүй байдалд халдсан
- Бэлгийн халдашгүй байдалд халдаж довтолсон
- Заналхийлэх буюу өөрт болон бусдад үйлдэл, эс үйлдэл хийхийг шаардаж, өөрийнх нь эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулах мэдээ баримт бий гэх мэтээр сүрдүүлсэн зэрэг гомдол гарган, шалгуулах гэж байна.
Хууль хүн бүхэнд тэгш үйлчлэх ёстой. Мөн энэхүү гомдол нь зөвхөн Б.Сүндэръяа гэх хувь хүний асуудал биш, хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийн асуудалтай холбоотой учир хуулийн байгууллага үнэн зөвөөр шийдвэрлээсэй гэж хүсэж байна.
Түүнчлэн хуулийн байгууллагаас миний үйлчлүүлэгчийг хамгаалалтад авна гэж найдаж байна гэв.
Иргэн Б.Сүндэръяа : 2019 онд Ц.Анандбазар гишүүнтэй танилцсан. Түүнээс өмнө манай найзаар дамжуулан надтай уулзуулж өгөхийг удаа дараа хүссэн. Тэр бүрт нь татгалздаг байв.
Энэ өргөдлийг өгөөд зогсохгүй, цаашид ч олон өргөдөл өгнө. Тэр бүрийг олон нийтэд зарлах боломжгүй байгаа тул хуулийн байгууллагад хандсан өргөдөл дээрээ тодорхой бичсэн.
УИХ-ын Ц.Анандбазар гишүүнтэй холбоотойгоор надтай 1,000 гаруй эмэгтэй холбогдсон. Ийм зүйлийг огт төсөөлөөгүй байсан.
2020 оны сонгуулийн өмнө намайг ямар ч хамааралгүй УИХ-ын нэр бүхий гишүүн болон тухайн үеийн Ерөнхий сайдтай амрагийн харилцаатай болгож зураг бичлэг цацсан. Тэр бичлэгийг Анандбазар гишүүний захиалгаар таван залуу Эрдэнэтэд очиж хийж, эвлүүлсэн. Тэд нараас хуулийн байгууллага мэдээлэл авсан.
Миний хувьд өөрийн нандин нууцаараа Анандбазар гишүүнд барьцаалагдаж, үг ч хэлж чадахгүй өдийг хүрсэн. Цаашид дарамт шахалттай амьдарч чадахгүй тул өргөдөл өгч байна.
Өмнө нь намайг бүдүүлэг үгээр заналхийлдэг байсан бол одоо таньдаг хүмүүсээр минь дамжуулж тохиролцохыг санал болгож байгаа. Гэхдээ би хэзээ ч тохиролцохгүй. 2020 оны сонгуулиар миний амьдралыг юу ч үгүй болтол эргүүлсэн. Надад бүх нотлох баримт бий.
Би өдийг хүртэл олон хүнд өргөдөл өгсөн боловч бүгд хаагдсан гэв.