Ерөнхийлөгчийн сонгуульд бэлтгэх ажлын хэсэг, УИХ дахь АН-ын бүлгээр дамжуулан COVID-19-ийн санхүүжилт, түүний зарцуулалтад хяналт тавих, гүйцэтгэлийн аудит хийлгэх даалгавар өгч байгаа талаар АН-ын дарга М.Тулгат, ЕНБД Ч.Өнөрбаяр нар мэдээлэл өглөө.
АН-ын дарга М.Тулгат ‘Удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор АН-д ажлын хэсэн байгуулагдсан. Ажлын хэсэг төв нам дээр ажиллаж байгаа учраас та бүхэн нээлттэй оролцож болно. Сүүлийн үед цар тахлын үеийн үр дүнгүй хөл хорио, вакцины тасалдлаас үүдээд иргэдийн зүгээс гомдол их ирж байна. Ерөнхий сайд 4, 5 дугаар сард вакцинжуулалтын аяныг зарласан боловч хэдхэн хоногийн дараа хөл хорионы үеэр вакцинжуулалтаа хийх ёстой байтал вакцин тасалдсан.
Өнгөрсөн жил дотооддоо COVID-19 алдаагүй байхад үйлчилгээний газрууд, сургууль, цэцэрлэгээ хаасан. Хүүхдүүдээ хоёр жил дамнуулан дэлхийн боловсролоос хоцроогоод байна. Түргэн шуурхай вакцинд хамруулсан улс болно гэсэн тооны хойноос хөөцөлдөж байгаад нөөцөө бодолгүй алдаа гаргаж байгааг харлаа. Энэ алдааны хор уршиг хүний амь нас, эрүүл мэнд, эдийн засагтай холбоотойгоор гарч байгаад бид шүүмжлэлтэй хандаж байна. Мөн цар тахлын үед олон улсаас тусламж дэмжлэг ирж байгаа.
Түүнчлэн цар тахалтай тэмцэнэ гэдэг байдлаар төсвийн зарцуулалт хяналтгүй явагдаж байна. Иймээс УИХ дахь АН-ын бүлэгт хандан дараах бичгийг хүргүүлж байна.
- Цар тахалтай тэмцэх төсөл арга хэмжээнүүдэд гүйцэтгэлийн аудит хийлгүүлэх хүсэлтийг үндэсний аудитын газарт гаргах,
- Төсвийн зарцуулалтын талаар хяналт шалгалт хийж хамтарч ажиллах бичгийг хүргүүлсэн.
Энэ талаар цаашид мэдээлэл өгнө’ гэлээ.