Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаан болж өндөрлөлөө.
Дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн зарим заалт нь Үндсэн хуулийг зөрчсөн гэсэн дүгнэлт гаргалаа. Өөрөөр хэлбэл, өмнө нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан болон одоо Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа хүмүүс Ерөнхийлөгчид дахин нэр дэвших эрхгүйг тусгайлан зааж өгөөгүй нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн байна. Ингэснээр Х.Баттулга Ерөнхийлөгчид дахин нэр дэвших эрхгүй гэж Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаанаас дүгнэлт гаргасан гэсэн үг юм.
Одоо Үндсэн хуулийн Дунд суудлын хуралдааны дүгнэлтийг УИХ 15 хоногт авч хэлэлцэнэ. Цэцийн дүгнэлтийг УИХ-ын чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжин, хүлээн авбал уг шийдвэр эцсийнх буюу хүчин төгөлдөр болно. Харин гишүүдийн олонхи эс дэмжвэл Цэц Их суудлын хуралдаанаараа уг асуудлыг дахин хэлэлцэнэ.
Дунд суудлын хуралдаанд мэдээлэл гаргагч иргэн Т.Доржханд, О.Мөнхсайхан, Д.Үүрцайх, УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхболд нар оролцож байна.
Харин Үндсэн хуулийн Цэцийн дунд хуралдаанд маргаан хянан хэлэлцэх ажиллагаанд Үндсэн хуулийн цэцийн таван гишүүн оролцжээ.