Засгийн газрын 2021 оны хоёрдугаар сарын 17-ны өдрийн 42 дугаар тогтоолоор баталсан “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний “Ажлын байрыг дэмжих зээл”-ийг банкуудын эх үүсвэрээр 2021 оны гуравдугаар сараас эхлэн олгож эхэлсэн. Өнөөдрийн байдлаар нийт 5.5 их наяд төгрөгийн зээлийн хүсэлтийг 48442 иргэн аж ахуйн нэгжээс ирүүлсэн бөгөөд 619 тэрбум төгрөгийн зээлийг 1368 аж ахуйн нэгж, 7662 иргэнд олгоод байна.
Covid-19 цар тахлын тархалтаас шалтгаалан бүх нийтийн хатуу хөл хорио тогтоосонтой холбоотойгоор уг зээлийн олголт удаашралтай байгаа хэдий ч энэ хугацаанд банкууд өмнө хуримтлагдсан зээлийн хүсэлтүүдийг судалж, эцэслэх ажлыг зогсолтгүй хийж байгаа бөгөөд хөл хорио цуцлагдсаны дараа судалж дууссан зээлүүдийг иргэдэд олгохоор ажиллаж байгаа болно. Олон нийтийн мэдээллийн зарим хэрэгслээр санхүүжилтгүйн улмаас “Ажлын байрыг дэмжих зээл” зогсоод байгаа гэсэн мэдээлэл үндэслэлгүй бөгөөд уг хөнгөлөлттэй зээл нь тухайн банкны өөрийн эх үүсвэрээр санхүүжигдэж байгаа, банкнаас олгох эх үүсвэрийн хэмжээнд хүрээгүй тохиолдолд 2021 оны аравхоёрдугаар сарын 31-ний өдрийг дуустал олгогдох боломжтой юм.