Хятадын ‘Синофарм’ группын вакциныг хангалттай нөөцөлсөн тул хоёр дахь тун хойшлох асуудал үүсэхгүй ажээ.
Энэ сарын 1-нд ОХУ-аас ‘Спутник-V’вакцины 40 мянган тун (20 мянга нь улсынх, үлдсэн нь хувийн хэвшлийнх) ирсэн ч хоёр дахь тун нь ойрын хугацаанд ирэхгүй гэдгийг Эрүүл мэндийн яамнаас мэдэгдээд буй. Харин БНХАУ-ын ‘Синофарм’ группын ‘Вероцелл’ вакцины хоёр дахь тунг нөөцөлсөн эсэхийг ЭМЯ-наас тодруулахад дараах тайлбарыг өглөө.
‘Спутник-V’-аас бусад вакцины хоёр дахь тунг хангалттай нөөцөлсөн. Мөн энэ сарын 1-ээс орон нутаг дахь 50-аас дээш насны иргэдийг вакцинжуулах ажлыг эхлүүлсэн. Вакцинжуулах үйл ажиллагааг үе шаттайгаар зохион байгуулж, долдугаар сарын 1-ний өдөр гэхэд 18-50 насны хөдөө орон нутагт ажиллаж, амьдарч байгаа иргэдийг бүрэн вакцинжуулж дуусна. Үүний зэрэгцээ 21 аймгийн хүн амыг ялангуяа 50-аас дээш насныхныг нэн тэргүүнд вакцинжуулахаар 11 аймагт 22 мянган хүн тун вакцин түгээсэн. Мөн сарын 2-ний өдөр нийт 11 аймагт 93 мянган хүн тун вакциныг түгээсэн” гэх тайлбарыг өгсөн юм.
Монгол Улсын Засгийн газар Хятадаас ‘Вероцелл’ вакцины 900 мянган тун, ОХУ-ын шууд хөрөнгө оруулалтын сангаас ‘Спутник V’ вакцины нэг сая тунг худалдан авах гэрээ байгуулсан. Энэ хүрээнд хамгийн сүүлд буюу тавдугаар сарын 2-нд 334400 тун ‘Вероцелл’ вакцин орж ирснээр БНХАУ-аас худалдаж авах 900 мянган тун вакциныг бүрэн хүлээж аваад байна. Харин одоо ‘Спутник-V’ вакцин л орж ирээгүй байгаа юм. Одоогоор Монгол Улсад Covid-19-ийн эсрэг дөрвөн төрлийн вакцинаас дараах хэмжээгээр орж ирээд байна.