Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр (2021.05.08) Covid-19 цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна.
ДЭМБ-аас БНХАУ-ын “Sinopharm” үйлдвэрийн “Вероцелл” вакциныг Covid-19-ийн яаралтай нөхцөлд хэрэглэх горимоор өчигдөр орой бүртгэн авсныг ЭМЯ мэдээллийнхээ эхэнд онцоллоо. “Вероцелл” вакцин КОВАКС хөтөлбөрт багтаж байгаа бөгөөд дэлхийн бүхий л улс орнуудад хэрэглэх боломжтой болж байна. Тус вакциныг өнөөдрийн байдлаар 39 улс хэрэглэж байгаа юм.
Гурван түр цэг байгуулан архаг суурь өвчтэй, улсын төв нэг, хоёр, гуравдугаар төв эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарт үзүүлж, дархлаажуулалтад хамрагдах боломжтой зохицуулалтыг ЭМЯ-наас хийлээ.
Сүүлийн 24 цагт 9168 хүнд шинжилгээ хийснээс 815 хүнээс халдвар илэрч, 1451 хүн эдгэрч эмнэлгээс гарч, долоон хүн нас баржээ. Шинээр батлагдсан тохиолдлуудаас Улаанбаатарт 711, орон нутагт 99 илэрсэн бол эмнэлгээс шалтгаалах халдварын таван тохиолдол илэрсэн байна. Монгол Улсад батлагдсан халдварын нийт тохиолдол 44016-д хүрчээ. Өнөөдрийн байдлаар нийт 4910 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас хөнгөн 2818, хүндэвтэр 1515, хүнд 458, маш хүнд 119 хүн байна.
- Тавдугаар сарын 5-нд онош нь батлагдсан 79 настай эрэгтэй
- Тавдугаар сарын 1-нд онош нь батлагдсан 56 настай эмэгтэй
- Дөрөвдүгээр сарын 11-нд онош нь батлагдсан 65 настай эрэгтэй
- Дөрөвдүгээр сарын 22-нд онош нь батлагдсан 80 настай эмэгтэй
- Дөрөвдүгээр сарын 19-нд онош нь батлагдсан 89 настай эрэгтэй
- Дөрөвдүгээр сарын 11-нд онош нь батлагдсан 77 настай эрэгтэй
- Дөрөвдүгээр сарын 16-нд онош нь батлагдсан 56 настай эмэгтэй эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад Covid-19 нэн хүнд хэлбэрээр нас барсан байна.
Сүүлийн 24 цагт орон нутагт:
Дархан-Уул аймаг- 5
Орхон аймаг- 16
Төв аймаг- 4
Говьсүмбэр аймаг- 1
Дорнод-1
Хэнтий-3
Дорноговь аймаг- 1
Өвөрхангай-1
Говь-Алтай-40
Завхан аймаг- 24 тохиолдол тус тус бүртгэгджээ.
Өчигдөр нийт 108838 хүн вакцинжуулалтад хамрагдсан байна. Үүнээс Улаанбаатар хотод 879998 хүн вакцины нэгдүгээр тунг, 470548 хүн вакцины хоёрдугаар тунг хийлгэжээ. Харин орон нутагт вакцины нэгдүгээр тун хийлгэсэн 596781, хоёрдугаар тунг хийлгэсэн 139526 хүн байна. Дээрх тоог нэгтгэвэл улсын хэмжээнд вакцины нэгдүгээр тунд 1.476.779 хүн, хоёрдугаар тунд 610.074 хүн хамрагджээ.