Улаанбаатар-Дарханы чиглэлийн 204 км автозамыг өргөтгөн шинэчлэх ажлыг 5 багцад хуваан хийж байна. Өнөөдрийн байдлаар 3 дугаар багцын ажил 69 гаруй хувьтай, 5 дугаар багцын гүйцэтгэл 73 гаруй хувьтай, 6 хувийн цементээр бэхжүүлсэн чулуун суурийн ажлыг тус тус хийж байгаатай ЗТХ-ийн сайд Л.Халтар өнгөрсөн 7 хоногт газар дээр нь танилцав.
Замын бусад 2 болон 4 дүгээр багцын ажлын гүйцэтгэгчийг дахин сонгон шалгаруулах ажлын тендерийг АХБ-ны Худалдан авах ажиллагааны журмын дагуу энэ сард сонгон шалгаруулж гэрээ байгуулахаар ажиллаж байна. АХБ-ны зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй хоёр эгнээ замын өргөтгөл, шинэчлэлтийн 1 дүгээр багц замын хучилт 2020 онд бүрэн дууссан юм.
Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжих шинээр нэмж барих хоёр эгнээ авто замын ажил 3 дугаар сарын 26-наас эхэлсэн юм. Замын:
1 багцын гүйцэтгэгчээр “Арж капитал” болон “М-Ойл групп” ХХК-ийн түншлэл, туслан гүйцэтгэгчээр “Эсто” ХХК,
2 дугаар багцын гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Жунмэи инженеринг групп”, туслан гүйцэтгэгчээр “Даблью экс пи” ХХК,
3 дугаар багцын гүйцэтгэгчээр мөн “Жунмэи инженеринг групп”, туслан гүйцэтгэгчээр “Энх төгөл бэх” ХХК,
4 дүгээр багцийн гүйцэтгэгчээр “Шанхай констракшн групп”, туслан гүйцэтгэгчээр “Төгс зам” ХХК,
5 дугаар багц замын гүйцэтгэгчээр “Чайна гежөүба групп” ажиллаж байна.
ЗТХ-ийн сайд Л.Халтар замын гүйцэтгэгч нар тендерт оролцохдоо төлөвлөж батлуулсан хүн хүч, техникээс талбай дээр хэчнээн нь ажил гүйцэтгэж байгааг өдөр бүр, бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэлийн мэдээ тайланг 7 хоног бүр графикийн дагуу гаргаж танилцуулж байхыг үүрэг болгов. Гэрээнд тусгасан машин техник, тоног төхөөрөмжийг талбайд бүрэн гаргах, хөрс хуулалт, далангийн ажлын удаашралтай байгаа хэсгийг шуурхайлуулах, гүүр хоолойн ажлыг идэвхжүүлэх, хянах зэрэг үүрэг даалгаврыг төслийн зөвлөх компани, ерөнхий гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгч компанийн удирдлагуудад өглөө. Мөн цар тахлын халдвар хамгааллын дэглэмийг сайтар мөрдөх, ариутгалыг байнга хийх тал дээр онцгой анхаарч ажиллахыг үүрэг болгов.