0-12 насны хүүхэдтэй эх, эцгийг аль болох гэрээсээ ажиллах боломжоор хангахыг төрийн байгууллагуудад үүрэг болгож, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд уриаллаа. Монгол Улсын Засгийн газар ‘Ковид-19’ цар тахлаас урьдчилан сэргийлэх, дотоодод халдвар алдсан тохиолдолд авч хэрэгжүүлэх ‘Хариу арга хэмжээний төлөвлөгөө’-г 2020 оны гуравдугаар сард баталсан. Энэ төлөвлөгөөг өнөөдрөөс хэрэгжүүлж эхэллээ. Энэ хүрээнд нийслэлийн хэмжээнд бүх шатны сургууль, цэцэрлэг, үзвэр, баар, цэнгээний газар болон хотоос гарах хөдөлгөөнийг гурав хоногийн хугацаанд хаалаа. Нийтийн тээвэр 06.00-10.00, 17.00-21.00 цагийн хооронд буюу ажил эхлэх, тарах үед үйлчлэх юм. Хүнсний бараа бүтээгдэхүүний нөөц хангалттай байгаа бөгөөд өнөөдөр нөөцөөс 50 тонн мах гаргаж зах зээлд нийлүүлсэн байна. ‘Ковид-19’-ийн халдвар авсан хүнтэй нэгдүгээр хавьтал болсон хүмүүсийг олж тогтоож шинжилгээнд хамруулж байна.