2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа өнөөдөр /2021.05.24/ албан ёсоор эхэлж байна. Сонгуулийн ерөнхий хорооноос МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх, АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ, Зөв хүн электорат эвслээс нэр дэвшигч Д.Энхбат нарыг албан ёсоор бүртгэж, өнөөдөр нэр дэвшигчийн үнэмлэх олгож буй. Хуулийн дагуу нэр дэвшигчид нэр дэвшигчийн үнэмлэх гардаж авснаар сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлж байгаа юм.
Энэ удаагийн сонгууль хоёр зүйлтэй “уралдана”. Сонгуулийн хуульд зааснаар нэр дэвшигчид нь тавдугаар сарын 24-өөс эхлэн сурталчилгаагаа эхлүүлж, санал авах өдрөөс 24 цагийн өмнө зогсоох ёстой. Энэ нь өмнөх сонгуулийн сурталчилгааны өдрүүдтэй харьцуулахад маш богино хугацаа юм.
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ:
- 34.1.Сонгуулийн сурталчилгааг нэр дэвшигчид үнэмлэх олгосон өдрөөс эхлүүлж, санал авах өдрөөс 24 цагийн өмнө буюу санал авах өдрийн өмнөх өдрийн 00:00 цагаас өмнө зогсооно.
СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААНЫ ӨДРҮҮД:
- 1993 онд 15 хоног сурталчилгаа хийж байв.
- 1997 онд 1 сар 18 хоног сурталчилгаа хийж байв.
- 2001 онд 1 сар 13 хоног сурталчилгаа хийж байв.
- 2005 онд 1 сар 13 хоног сурталчилгаа хийж байв.
- 2009 онд 1 сар 12 хоног сурталчилгаа хийж байв.
- 2013 онд 1 сар 3 хоног сурталчилгаа хийж байв.
- 2017 онд 18 хоног сурталчилгаа хийж байв.
- 2021 15 хоног сурталчилгаа хийнэ
Энэ хугацаанд нэр дэвшигчид 21 аймаг, 330 сум, нийслэлийн есөн дүүргийн сонгогч бүртэй уулзаж, мөрийн хөтөлбөрөө танилцуулах нь. Цаг хугацааны хувьд өмнөх сонгуулиудаас богино учраас нэр дэвшигчид өдөрт 2-3 аймагт уулзалт хийх шаардлага үүсч байна.
Цаг хэмнэх, уулзалтуудыг шуурхайлах, замд явах гээд маш шахуу хөтөлбөр, уулзалтуудыг нэр дэвшигчид хийнэ. Үндсэндээ нэр дэвшигчдэд цаг хугацаатай уралдаж, сонгогч бүртээ хүрэх хүндхэн сорилт ирж байна.
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ: 39 ДҮГЭЭР ЗҮЙЛ.СОНГОГЧИДТОЙ УУЛЗАЛТ, ХУРАЛ, ЦУГЛААН ХИЙХ
- 39.1.Сонгогчидтой хийх уулзалт, хурал, цуглааныг сонгуулийн сурталчилгааны хугацаанд багтаан хийнэ.
- 39.2.Сонгогчидтой хийх уулзалт, хурал, цуглаан зохион байгуулахад нь тухайн шатны Засаг дарга дэмжлэг үзүүлж, нэр дэвшигчдэд тэгш хандах үүрэгтэй.
- 39.3.Дараах байгууллага, хуулийн этгээд нь сонгуулийн уулзалт, хурал, цуглаан хийхэд нь зориулж өөрийн эзэмшиж байгаа соёлын төв, биеийн тамирын болон хурлын заал, бусад байр, танхимыг үнэ төлбөргүйгээр ашиглуулах үүрэгтэй.
- 39.3.1.төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага.
- 39.3.2.төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд.
- 39.3.3.төрийн болон орон нутгийн өмчийн 51 хувь ба түүнээс дээш оролцоотой хуулийн этгээд.
- 39.4.Энэ хуульд заасны дагуу санал авах байр болгон бэлтгэсэн, эсхүл сонгуулийн хороод тухайн байр, танхимд үйл ажиллагаа явуулж байгаа тохиолдолд энэ хуулийн 39.3 дахь хэсэг хамаарахгүй.
- 39.5.Энэ хуулийн 39.3-т шүүх, прокурор, тагнуул, цагдаа, онцгой байдлын болон эмнэлгийн байгууллага хамаарахгүй.
Нөгөө талдаа дэлхий нийтийг хамарсан covid-19-ийн цар тахал өнөөдөр ч халдварын тоо, нас баралт буураагүй энэ цаг үед нэр дэвшигчид иргэд, сонгогчидтойгоо уулзах болж байна. Уулзалт бүрт халдвар хамгааллын дэглэмээ сахих, хүн хоорондын зай барихаас эхлээд хэт олон хүн нэг дор цуглуулахгүй, халдвар тараахгүй байх хариуцлагыг нэр дэвшигчид үүрч байна. Тиймээс ч Засгийн газрын сонгуулийн үед цар тахлаас урьдчилан сэргийлэх журмыг баталж, өнөөдрөөс хэрэгжүүлж буй. Энэхүү журамд зааснаар сонгуулийн сурталчилгааны ухуулах байрыг халдваргүйжүүлэлт, агаар сэлгэлт, чийгтэй цэвэрлэгээг тогтоосон хугацаанд хийх, иргэдийн халууныг хэмжих, ариутгагч бодисоор хангах, хоорондын зай бариулах, санал авах байр сэжигтэй тохиолдлыг түр тусгаарлах өрөөтэй байх шаардлага тавьж буй.
Мөн сурталчилгааны үед уулзалт, хурал, цуглаан зохион байгуулах байр, танхимыг урьдчилан цэвэрлэж, халдваргүйжүүлэлт хийнэ. Хуралд оролцогч бүр амны хаалт заавал зүүж, хүн хоорондын зай 1.5 метрээс доошгүй байх ёстой.
Уулзалт, хурал, цуглаан хийх байр, танхим, гадна талбайд оролцогчдод зориулсан сандал заавал байрлуулах бөгөөд суудал хоорондын зай 1.5 метрээс доошгүй байхаар тусгажээ. Түүнээс гадна иргэд, сонгогчидтой хийх уулзалт хоёр цагаас хэтрэхгүй байх, халдварын шинж тэмдэгтэй бол хуралд оролцуулахгүй гээд нэр дэвшигчдийн хувьд хүндхэн сурталчилгаа болж байна. Хэрэв уулзалт, хурлын үеэр дэглэм зөрчигдөх, халдвар тархах эрсдэлүүд учирвал нэр дэвшигчдэд л сөрөг оноо болно. Тиймээс нэр дэвшигчид цаг хугацаатай уралдахаас гадна халдвар тархаахгүй байхад онцгой анхаарч сурталчилгаагаа хийх болж байна.
Найм дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд гурван нэр дэвшигч өрсөлдөж байгаа бөгөөд өмнөх сонгуулиудыг бодвол цар тахалтай үед хийж байгаагаараа онцлог. Тиймээс цар тахал, халдварыг нэмэгдүүлэхгүй байх, цаг хугацаатай уралдсан сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлж байна. Сурталчилгааны хугацаанд хэн нь цаг хугацаатай уралдаж, сонгогч бүртээ хүрч ажиллах вэ гэдгээс сонгуулийн дүн ч хамаарч болох.