Нэр дэвшигч Д.Энхбат “Зөв хүн электорат” эвслээс Дангаасүрэнгийн Энхбат миний биеийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлсэн. Мөрийн хөтөлбөрийн дагуу, мөн дэмжигчид, хамтран зүтгэгчдийн хүсэл мөрөөдлийг тусгасан хөтөлбөрийн дагуу би энэ сонгуульд оролцож байна. Энэ сонгуулиар бид Монгол Улсынхаа ардчиллыг хөгжүүлэх, нийгэм эдийн засгийг улам төгөлдөржүүлэх, ялангуяа Монголынхоо иргэдийн амьжиргааг дээшлүүлэхийн төлөө, шударга ёсны төлөө, авлигатай тэмцэхийн төлөө, Монголын 3 сая иргэн болгоныг Монгол Улсынхаа хөгжилд идэвхтэй оролцуулахын төлөө хөтөлбөртэйгөөр оролцоно. Бид удахгүй 20 аймаг, бусад хотуудаараа дэмжигчид, сонгогчидтойгоо уулзаж, ажиллах болно. Монгол Улс маань их сонголтын өмнө ирж байна. Бид 30 жилийн ардчиллыг ардаа үлдээлээ. Одоо дараагийн 30 жил яаж амьдрах вэ, дэлхий дээр ямар байр суурь эзлэх вэ, залуучууд хүүхдүүддээ ямар өв үлдээх вэ гэсэн ийм шинэ сонголтын өмнө ирж байна. Дэлхий ертөнц ч өөрчлөгдөж байна. Тэгэхээр бид өнөөдөр Монгол Улс өөрийн туулсан замаа эргэж хараад, шинэ үедээ итгэж мэдлэг чадвар, технологид итгэж, XXI зууны үеийн шинэ Монголыг байгуулна гэж итгэж ажиллах ёстой гэж бодож байна.