Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч У.Хүрэлсүх Сонгуулийн Ерөнхий хорооноос нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авч, сонгуулийн сурталчилгааны нээлтээ хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Учрал түүнийг дэмжиж хэлсэн үг олны сэтгэлийг хөдөлгөв.
УИХ-ын гишүүн Н.Учрал “Залуу хүн өөрийн үзэл бодолтой, зорилготой тууштай байна гэдэг хамгийн эрхэм чанар учир МАН-ыг би итгэл дүүрэн сонгосон. МАН бол ард түмний нам. Ард түмний санаа зориг нь манай намын алсын хараа, үйл ажиллагаа, үнэт зүйл, зорих чиг барих зүг байх ёстой.
Сайн дасгалжуулагч, сайн багийн ахлагчтай байвал бид нэг хүн шиг сэтгэж, нэг хүн шиг ойлголцож эвлэлдэн нэгдэж чадна. У.Хүрэлсүх гэдэг хүнтэй бид 11 жил тасралтгүй хамтран ажиллаж ирсний хувьд түүнийг би ард түмнээ нэг чигт, нэг хэмнэлээр алхуулж чадах шилдэг дасгалжуулагч Пеп Гуардило, эх орныхоо хаалгыг гандангийн хаалга мэт амгалан байлгаж чадах домогт хаалгач Лев лиашин, эв нэгдэл, хөгжил дэвшлийн шүглийг үлээлгэж, ялалтын гоолыг тогтмол оруулдаг Кристиано Рональдотой зүйрлэхийг хүсч байна.
Тэр бол залуусаа сонсдог, тэднийг бэлтгэж чаддаг, цаг үетэйгээ нийцэж алхдаг соргог удирдагч юм. Таныг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдон Монгол залуучуудын оюун санааг дэлхийд үнэлүүлэх сайн цагийг авчирна гэдэгт итгэлтэй байна. Тэр бол сайн аав, сайн ах, сайн хань юм.
Нэгэн цагт хайртай ханийнхаа эрүүл мэндийн төлөө үүрэгт ажлаа өгч, ханийнхаа мөрийг түшиж, сэтгэлийг тэтгэж, ханийн халамж үзүүлж чадсан сайн хань. Охидынхоо эрдэм боловсролд анхаарсан, эмэгтэй хүн, эх хүнийг хүндэтгэдэг жирийн нэг эцэг хүн. Хүнд хэлж ирдэггүй, хийсэж ирдэг өвчин зовлонг бүхнээс илүү ойлгож ядарсныг хайрладаг, задарсныг засагладаг удирдагч.
Сэхээний орон дээр өглөөний нарыг харах бүрдээ баярлаж суусан надад урмын үг дэвсэж “Түмэн олны төлөө зүтгэх, гал эрмэлзэл, залуу насны эрч хүчээр босоод ирээрэй, миний дүү. Төрийн сүлд өршөөх болно” хэмээн итгэл өгч, зориг хайрласан эрхэм ах танд талархаж байна.
Ганцхан олдох амьдралд аваад явж чадахгүйгээс хойш алт, эрдэнэст шунаснаас авааль гэргийдээ, алдрай үрсдээ, аав ээждээ, ахан дүүс, анд нөхдөдөө сэтгэлээ цэлийтэл нь дэлгэж зүрхэндээ хайраар дүүрэн орших нь хамгийн том үнэ цэнэ юм байна.
Би зовлонгоос жаргалыг хайж олсон. Хүн жаргаж явахдаа жаргалыг анзаардаггүй, харин зовлонгоос олсон жаргалаа ахиж алдахгүйн тулд амьдралын мөн чанарыг ухаардаг ертөнцийн үнэнээс хэнбугай ч хол зөрөхгүй. Бусдын зовлонг ойлгодог, мэдэрдэг, ард олныхоо амьдралд дундаас төрсөн У.Хүрэлсүх та энэ улсын аав байх нь бүрэн нийцнэ.
Монгол ахан дүүсээ өнгөрснөө битгий мартаарай. Өөнтөглөж харвал өө сэвтэй зүйл их байх ч өргөс авсан юм шиг нэг өглөө сэрэхэд бүх зүйл сайхан болсон байх боломжгүйг бас битгий мартаарай. Улаанбаатарын утааг 50 хувь бууруулж, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлж, 800 гаруй лицензийг цуцалж ард түмний баялагийг төрийн мэдэлдээ авч, хууль нь засагладаг төртэй байхын төлөө ард түмэнтэйгээ хамтдаа эхлүүлсэн У.Хүрэлсүхийн шударга ёсны тэмцэл, эхлүүлсэн ажлыг битгий мартаарай” гэлээ.