Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг үзэгчтэйгээр хийх талаар наадмыг зохион байгуулах хорооноос мэдэгдсэн билээ.
Наадмын төсвийн талаар зөрүүтэй мэдээлэл гараад буй. Иймд энэ талаар холбогдох албаныхнаас тодрууллаа.
Цэргийн парад зохион байгуулахад 2 тэрбум гаруй төгрөг төсөвлөсөн
Шадар сайдын ажлын албанаас тодруулахад “Наадмын төсөв 10 тэрбум гэж яригдаад байгааг ялгаж ойлгох хэрэгтэй. Энэ мөнгө нь Ардын хувьсгалын 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхэд зориулагдах юм. 100 жилийн арга хэмжээ энэ оны намар хүртэл үргэлжилнэ. Тухайлбал, цэргийн парад зохион байгуулахад 2 тэрбум гаруй төгрөг төсөвлөж, урлагийн их наадмыг 8 сард зохион байгуулах төлөвлөгөөтэй байна” гэсэн мэдээллийг өглөө.
Нийслэлийн ЗДТГ-ын дарга Т.Оюунчимэг “Үндэсний их баяр наадмын төсөв 2.5 тэрбум. 10 тэрбум төгрөг нь Ардын хувьсгалын 100 жилийн ойг тэмдэглэхэд зориулж Соёлын яаманд суулгасан мөнгө. Энэ мөнгөөр ямар арга хэмжээ зохион байгуулахыг тухайн яамныхан мэднэ” гэлээ.
Манайд төсөв нь суугдаад газруудад хуваарилж өгнө
Харин Соёлын яамнаас энэ талаар “Соёлын яам 10 тэрбум төгрөг авах гэж байгаа мэт буруу ойлголт төрүүлсэн мэдээлэл гараад байна. Манайд төсөв нь суугдаад газруудад хуваарилж өгнө. Энэ талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл одоогоор алга байна” гэв.
Өнгөрсөн жилийн хувьд цар тахлын улмаас үзэгчгүй наадам болж, 2.8 тэрбум төгрөг төсөвлөж байсан юм.