Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчид Даваа гаригт буюу энэ сарын 7–ны 17.30 цагаас Монголын үндэсний олон нийтийн телевизээр халз мэтгэлцээнд оролцоно. Халз мэтгэлцээн орон даяар, шууд явагдана.
Халз мэтгэлцээн хоёр цаг орчим үргэлжлэх юм байна. Одоогоор Монголын Үндэсний Олон Нийтийн телевизийнхэн иргэдийн санал хүсэлтийг идэвхтэй авч эхэлсэн.
Мэтгэлцээний сэдэв Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах, гадаад бодлого, шүүх засаглал, эдийн засаг болон нийгмийн харилцаа гэсэн үндсэн таван хэсгээс бүрдэнэ. Өөрөөр хэлбэл дээр сэдвүүдийн хүрээнд нэр дэвшигчид бэлдэнэ гэсэн үг.
Халз мэтгэлцээний хөтлөгчийг одоогоор нууцалж байгаа бөгөөд МҮОНРТВ-ийн дотроос хөтлөгчийг томилох юм байна.
Дэлхий дахинд Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнд нөлөө үзүүлэх чухал үйл ажиллагаа нь нэр дэвшигчидийн дунд явагддаг халз мэтгэлцээн. Мэтгэлцээн барууны соёлын чухал элемент бөгөөд анх 1960 онд АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид халз мэтгэлцээн зохион байгуулж байжээ.