Камбожийн нутаг дэвсгэрийг минанаас чөлөөлөх ажилд таван жил зүтгэсэн Магава нэртэй хархыг тэтгэвэрт нь гаргаж байгааг Бельгийн APOPO төрийн бус байгууллага Ням гарагт зарлажээ.
Тус байгууллага газрын хөрсөнд нуусан тэсрэх бөмбөгийг илрүүлэх эрдэмд мэрэгч амьтдыг сургадаг байна. Африк тивийн уугуул Магава нь энэ эрдмийг хамгийн сайн сурсан амьтан ажээ.
Өнгөрсөн онд Британийн хүмүүнлэгийн байгууллага амьтдад олгодог эр зоригийн медалиа Магавад олгож байв. Өмнө нь энэ шагналыг зөвхөн ноход авч байжээ.
“Хэдийгээр Магавагийн эрүүл мэнд сайн байгаа ч хөгширсний улмаас хөдөлгөөн илт удааширсан тул үүрэгт ажлаас нь чөлөөлж байна” гэж APOPO байгууллагаас мэдэгдсэн байна.
Өнгөрсөн таван жилийн хугацаанд Магава 141,000 метр квадрат газрыг буюу 20 хөлбөмбөгийн талбайтай тэнцэх газрыг цэвэрлэхдээ 71 мина, дэлбэрээгүй 38 бөмбөг илрүүлжээ.
Сургасан хархнууд аюултай бүсэд минийг хөндөлгүйгээр явж, үнэрээр нь илрүүлээд хүмүүст мэдэгддэг байна.
Африкийн уутат харх найман жил хүртэл насалдаг. Магава 2014 онд Танзани улсад төрсөн. Мина илрүүлэх эрдэмд сургасан Магаваг 2016 онд Камбожид авчирч байжээ.
Одоо тэр өмнө амьдарч байсан торондоо үргэлжлүүлэн амьдрах ч мина илрүүлэх ажилд дахиж гарахгүй гэнэ. Үлдсэн насаа Манагава эмчийн хяналт, халамжин дор өнгөрөөхөөр болжээ.
APOPO байгууллага дайны үед минажуулсан талбайг цэвэрлэх төслийг Ангол, Зимбабве, Мозамбик улсуудад бас хэрэгжүүлдэг байна.
Тус байгууллагын мэдээлснээр өнөөдөр дэлхийн 59 улсын 60 гаруй сая хүн минажуулсан газар нутагт, аюултай нөхцөлд амьдарч байгаа ажээ. Зөвхөн 2018 онд газрын мина, тэсрээгүй үлдсэн бөмбөгөнд 6,897 хүн амь үрэгдсэн байна.
Эх сурвалж: Associated Press