Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх илт давуу байдлаар ялалт байгуулсан. Тэрбээр зургадугаар сарын 25-ны 11.40 цагт Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөнө.
УИХ өчигдөр (2021.06.17) “Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын журмыг шинэчлэн батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцэн батлав. Тодруулбал,
ШИНЭ ЖУРАМД:
- Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Монгол Улсын Үндсэн хуулийн уг эхийг, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Төрийн тамгыг танхимд залж, тангараг өргөх ёслолын дараа буцаан байранд нь зална.
Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд зориулсан цэргийн жагсаал явуулах заалтыг 2017 онд хүчингүй болгосныг сэргээн, Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна. Жагсаал зохион байгуулахад шаардлагатай төсвийн талаарх мэдээлэл одоогоор алга. Гэсэн ч Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулах арга хэмжээний жагсаалтыг баталсан Соёлын сайдын дөрөвдүгээр сарын 9-ний өдрийн тушаалд зааснаар Үндэсний их баяр наадмын хөтөлбөрт Цэргийн жагсаал зохион байгуулахад 500 сая төгрөг төсөвлөжээ.
- Түүнчлэн шинэ сонгогдсон Ерөнхийлөгч гэргий (нөхөр)-ийн хамт Их эзэн Чингис хааны хөшөөнд мэхийн ёслоод, Төрийн ёслол хүндэтгэлийн “Өргөө” цогцолборын баруун хаалгаар Төрийн ордны “Их Монгол” танхимд морилно.
Үүний дараа УИХ-ын дарга Улсын Их Хурлын гишүүдийн ирцийг мэдэгдэж, чуулганы нэгдсэн хуралдааны ажиллагааг нээж, “Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын Их Хуралд тангараг өргөнө”.
- Тангараг өргөсөн Ерөнхийлөгч УИХ болон ард түмэндээ хандаж үг хэлсний дараа Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд зориулсан цэргийн ёслолын жагсаалыг Сүхбаатарын талбайд явуулна гэж тус тус заажээ.
Мөн бүрэн эрх нь дуусгавар болж байгаа Ерөнхийлөгч тулгар төрийн уламжлалт есөн хөлт Их цагаан туганд хүндэтгэн ёслон, адис авч, Төрийн хүндэт харуул жагсан, холбогдох албан тушаалтнууд үдэн гаргах журмыг нэмж тусгасан байна.
Түүнчлэн УИХ-ын дарга, Ерөнхий сайд, мөн гадаадын зочин, төлөөлөгчид Ерөнхийлөгчид бараалхаж, баяр хүргэх ёслолыг Төрийн ёслолын газар, Гадаад харилцааны яамны Дипломат ёслолын газар хамтран зохион байгуулахаар тусгажээ.
Олон нийтийн зүгээс covid-19-ийн цар тахлын үед олон хүн нэг дор цуглуулахгүй байхад Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд зориулсан цэргийн жагсаалыг эсэргүүцэж, цуцлахыг шаардаад байгаа юм.
Сонирхуулахад, Сүүлийн гурван Ерөнхийлөгчөөр сонгогдсон эрхэмүүд долдугаар сарын 10-ны өдөр тангараг өргөж байжээ. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж 2009 оны зургадугаар сарын 18-ны өдөр тангараг өргөж байсан бөгөөд дахин сонгогдсон 2013 ондоо долдугаар сарын 10-нд тангараг өргөж, үүрэгт ажлаа эхлүүлсэн байна. Мөн Ерөнхийлөгч Х.Баттулга 2017 оны долдугаар сарын 10-ны өдөр тангараг өргөж байжээ.
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛЫН ЖУРАМ
Монгол Улсын Их Хурал Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн хууль гаргасны дараа Ерөнхийлөгч Улсын Их Хурлаас товлон тогтоосон өдөр, цагт Монгол Улсын Их Хуралд Монгол Улсын Үндсэн хуулиар тогтоосон тангараг өргөнө.
Нэг. Тангараг өргөх ёслолын бэлтгэл
1.Төрийн ордны Их танхимын тайзны гүнд хөх цэнхэр дэвсгэр дээр Монгол Улсын Төрийн сүлд залж, түүний дэргэд баруун гар талд Монгол Улсын төрийн далбааг байрлуулсан байна. Төрийн далбааны дэргэд ам дөрвөлжин цагаан эсгий дэвсэж, хоёр талд Монгол Улсын төрийн ёслолын хүндэт харуулын цэрэг зогссон байна.
Их танхимын тайзны баруун гар талд шинээр сонгогдсон Ерөнхийлөгч, бүрэн эрх нь дуусгавар болж байгаа Ерөнхийлөгч болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргад зориулсан ширээ, сандал, Их танхимын тайзны зүүн гар талд Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд болон Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргад зориулсан ширээ, сандал, Их танхимын тайзны голд шинээр сонгогдсон Ерөнхийлөгч тангараг өргөж, үг хэлэх индэр, тайзны зүүн, баруун жигүүрт Улсын Их Хурлын гишүүдийн суух сандлыг хивсэн дээр тус тус байрлуулсан байна.
2.Их танхимын тайзны голд байрлуулсан индэр дээр Үндсэн хуулийн уг эх хувь, шинээр сонгогдсон Ерөнхийлөгчид зориулсан ширээн дээр Ерөнхийлөгчийн тангараг бичиг, гарын үсэг зурах үзэг болон бэх тавьсан байна.
З.Тангаргын хавтасны гадна нүүрний дээд хэсэгт Төрийн сүлдийг алтлаг өнгөөр дүрсэлж, шил талд нь “Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг” гэсэн үгийг монгол үсгээр, доод хэсэгт кирилл үсгээр тус тус дармалсан байна. Хавтасны дотор талын эхний нүүрэнд “Алтан соёмбо” үсэг зурж, нөгөө нүүрэнд Ерөнхийлөгчийн тангаргыг монгол, кирилл үсгээр гүн хөх өнгөөр гоёмсог хэвлэсэн байна.
5.Ерөнхийлөгч тангараг өргөх ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүд, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчид, Ерөнхий прокурор болон Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын удирдах албан тушаалтан, улс төрийн намын удирдлага болон хэвлэл, мэдээллийн ажилтнууд, иргэдийн төлөөлөл, гадаадын дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүн, зочдыг урьсан байна.
Хоёр. Тангараг өргөх ёслол
6.Улсын Их Хурлын дарга Улсын Их Хурлын гишүүдийн ирцийг мэдэгдэж Улсын Их Хурлын чуулганы хуралдааны ажиллагааг нээж “Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын Их Хуралд тангараг өргөнө” хэмээн зарлан мэдэгдэнэ.
7.Ийнхүү зарламагц Ерөнхийлөгч Тамгын газрын даргыг, шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Төрийн ёслолын албаны даргыг дагуулан Их танхимын тайзнаа хүрэлцэн ирж, журмын Нэгийн 1 дэх заалтад заасан ширээний ард зогсоно. Бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж байгаа Ерөнхийлөгч ийнхүү хүрэлцэн ирэхдээ Төрийн тамгыг залж авчран ширээн дээр тавина. Бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж байгаа Ерөнхийлөгч, шинэ сонгогдсон Ерөнхийлөгч монгол үндэсний хувцастай байна.
Ерөнхийлөгч тангараг өргөх ёслолын ажиллагааны үед Төрийн тамгыг хамгаалах үүргийг Төрийн ёслолын хүндэт харуулын дарга гүйцэтгэнэ.
8.Ерөнхийлөгч индэрт гарч Үндсэн хуулийн уг эх хувь дээр баруун гараа тавиад тангаргийг цээжээр дээдлэн дуудаж, ширээнээ эргэн очиж тангарагт гарын үсгээ зурна. Дараа нь Улсын Их Хурлын даргад тангараг бичгээ гардуулна. Ийнхүү тангараг бичгээ гардуулсны дараа Төрийн далбааны дэргэд очиж ам дөрвөлжин цагаан эсгий дээр зүүн өвдөг сөгдөн Төрийн далбаанаас адис авна.
9.Бүрэн эрх нь дуусгавар болсон Ерөнхийлөгч шинэ сонгогдсон Ерөнхийлөгч тангараг өргөсний дараа Төрийн тамгыг хадаг /нанжвандан/ дээр залж, шинэ Ерөнхийлөгчид хүндэтгэлтэйгээр өргөн барина. Шинэ Ерөнхийлөгч Төрийн тамгыг хүндэтгэлтэйгээр гардан авч, адислан ширээн дээрээ зална.
10.Ерөнхийлөгчийн бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болсон тохиолдолд шинэ сонгогдсон Ерөнхийлөгч Төрийн ёслолын албаны даргыг дагуулан тайзнаа хүрэлцэн ирж өөрт нь зориулсан ширээний ард зогсоно.
11.Бүрэн эрх нь хугацаанаасаа өмнө дуусгавар болсон Ерөнхийлөгчийн оронд сонгогдсон Ерөнхийлөгчид Төрийн тамгыг Улсын Их Хурлын дарга энэ журмын Хоёрын 9 дэх заалтад заасны дагуу гардуулан өгнө.
12.Ерөнхийлөгч улиран сонгогдсон тохиолдолд Ерөнхийлөгч Тамгын газрын даргаа дагуулан Их танхимын тайзнаа хүрэлцэн ирж энэ журамд заасны дагуу тангараг өргөнө.
Ерөнхийлөгч улиран сонгогдсон тохиолдолд ажил хүлээлцэх, Төрийн тамгыг гардуулах ёслол үйлдэхгүй.
13.Тангараг өргөсөн Ерөнхийлөгч Төрийн тамгыг ширээн дээрээ залмагц Улсын Их Хурлын дарга Ерөнхийлөгчид баяр хүргэж, хөгжимд Монгол Улсын Төрийн дуулал эгшиглэнэ. Төрийн дуулал эгшиглэж байхад ёслолын ажиллагаанд оролцож байгаа бүх хүн босож зогсоно.
14.Төрийн дуулал эгшиглэсний дараа иргэдийн төлөөлөл баяр хүргэж үг хэлсний дараа ахмад хүн хадаг, мөнгөн аягтай сүүг Ерөнхийлөгчид барина. Ерөнхийлөгч хадаг, мөнгөн аягатай сүүг хүлээж аваад Улсын Их Хурал болон ард түмэндээ хандаж индэрт үг хэлнэ.
Ерөнхийлөгч үг хэлж дуусмагц Улсын Их Хурлын дарга Ерөнхийлөгч тангараг өргөн ёслолын ажиллагаа өндөрлөснийг мэдэгдэнэ.
15.Үүний дараа Ерөнхийлөгч Төрийн ордон дахь Монгол Улсын нэгдсэн тулгар төрийн уламжлалт есөн хөлт Их цагаан туганд хүндэтгэл үзүүлж адис авна.
Бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон Ерөнхийлөгч Тамгын газрын даргаа, шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Төрийн ёслолын албаны даргыг дагуулан Ерөнхийлөгчийн өргөөнд хүрэлцэн ирж, ажил хүлээлгэн өгөх ёслол болно.
16.Ерөнхийлөгч тангараг өргөх ёслолын ажиллагааг Монголын радио, телевизээр орон даяар нэвтрүүлнэ.