Засгийн газар вакцинд хамрагдсан иргэдээ урамшуулж, 50 мянган төгрөг олгож буй. Вакцинжуулалт үргэлжилж байгаа ч иргэдийн идэвхи оролцоо буурсан тул ийнхүү урамшуулахаар болсныг Сангийн яам өнгөрсөн сард мэдэгдэж байв. Салбарын сайд Б.Жавхлан “Вакцинжуулалтад бүрэн хамрагдсан иргэдийн дархлааг хадгалах, сэргээх зорилгоор 50 мянган төгрөгийн витаминжуулалтын багц бэлдэж байсан. Гэхдээ үүнийг вакцинд хамрагдсан иргэдийг урамшуулах хэлбэрээр бэлэн мөнгөөр тооцож олгох шийдвэр гаргалаа” гэж Засгийн газрын тавдугаар сарын 5-ны өдрийн хуралдааны үеэр мэдэгдэж байв. Энэ дагуу вакцины хоёрдугаар тунд хамрагдсан иргэд тавдугаар сарын 6-наас урамшууллын мөнгөө авч эхэлсэн билээ. Мөн удалгүй вакцины эхний тунгаа тариулсан иргэдэд ч 50 мянган төгрөг олгохоор болсон юм.
Улсын хэмжээнд 18-аас дээш насны хүн амын зорилтот бүлгийн 60 хувь нь буюу 2.1 сая хүн вакцинд хамрагдах тооцоо бий.
Тэдний 1.8 сая буюу 88.6 хувь нь вакцины нэг, хоёрдугаар тунд хамрагдаж, 50 мянган төгрөг авчээ. Өнгөрсөн долоо хоногоос жирэмсэн эмэгтэй, 16-17 насны хүүхдүүдийг дархлаажуулж эхлээд байна. Вакцинд хамрагдсан хүүхдүүдэд урамшууллын 50 мянган төгрөг олгоно гэж Сангийн яамнаас мэдээлэв.
Энэ талаар тус яамнаас тодруулахад “Монгол Улсын иргэн бүрт вакцины урамшуулал 50 мянган төгрөгийг дансаар олгоход ямар ч асуудалгүй. Өмнө нь 300 мянган төгрөг олгосон данс буюу хүүхдийн мөнгөний дансаар олгоно” гэсэн юм.
Монгол Улс 1.1 сая хүүхэдтэй. Тэдний 219 мянга орчим нь 15-18 насныхан. Статистик мэдээллээр, 10-14 насны 299512, 5-9 насны 388928, 0-4 насны 381639 хүүхэд бий. Цар тахлын үед эрсдэлд байгаа хүүхдүүдээс эхний ээлжинд ийнхүү 16, 17 настнуудыг вакцинд хамруулж эхэлсэн бол удалгүй 12 насны хүүхдүүдийг дархлаажуулахаар Эрүүл мэндийн яам, Засгийн газар төлөвлөөд буй.