Иргэдэд вакцины урамшуулал 50 мянган төгрөгийг олгохоос өмнө Засгийн газраас дөрөвдүгээр сарын 10-нд хөл хорио тогтоохтой зэрэгцэн 3.4 сая иргэн бүрт 300 мянган төгрөг олгож эхэлсэн юм. Энэхүү мөнгийг Оюутолгойн татварын орлого болох нэг их наяд төгрөгөөс тарааж байгааг Засгийн газраас мэдээлж байв. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын 3.3 сая иргэн буюу 98.9 хувь нь 300 мянган төгрөгийн мөнгөн дэмжлэгээ авчээ.
Сангийн яамнаас мэдээлснээр 3.379.025 хүнд 300 мянган төгрөг олгох ёстой. Үүнээс 3.368.106 иргэний данс руу мөнгө шилжүүлжээ. Өнгөрсөн долоо хоногт дансны мэдээлэл нь шинэчлэгдсэн 2790 хүн 300 мянган төгрөгийн дэмжлэгээ авсан байна. Мөн дансны мэдээлэл зөрүүтэй, е-баримтад холбогдоогүй зэрэг шалтгааны улмаас 139 хүний мэдээлэл буцжээ.
Үүнтэй адил олон шалтгаанаар өнөөдрийг хүртэл 300 мянган төгрөгийн мөнгөн дэмжлэгээс хоцорсон олон хүн бий. Гэхдээ харилцдаг банкны дансаа е-баримт системд бүртгүүлж шинэчилснээр 300 мянган төгрөгөө авах бүрэн боломжтой бол хүүхдүүдэд хүүхдийн мөнгөний дансаар 300 мянган төгрөг олгосныг холбогдох албаны хүмүүс мэдээлж байгаа юм.
Засгийн газар иргэддээ мөнгө тарааж буйг эдийн засагчид тийм ч оновчтой шийдвэр биш хэмээн үзэж буй. Тухайлбал, хүн бүрт 300 мянган төгрөг олгох нь хөл хорионы хугацаанд 14 хоног айл өрхийг хоосон хонуулахгүй ч нэг удаад олгож буй олговрууд өрхийн төсөвт бодит дэмжлэг үзүүлдэггүй болохыг хэлж байсан билээ.