ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Аугаа их Эх орны дайны ялалтын 80 жилийн ойд зориулж нийтлэл бичжээ. Энэ талаар сэтгүүлч Павел Зарубин “Россия 1” сувгийн “Москва. Кремль. Путин” нэвтрүүлгийн үеэр хэлснийг “РИА Новости” мэдээлсэн байна.
Зарубины хэлснээр Путины нийтлэл Германы тэргүүлэх хэвлэлүүдийн нэг дээр хэвлэгдэх аж.
Нэмж дурдахад, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин зургадугаар сарын 22-ны өдөр болох Дурсах, гашуудлын өдрөөр үг хэлж, Нэр нь үл мэдэгдэх цэргийн булшинд цэцэг өргөх юм байна.
Америкийн “The National Interest” сэтгүүлд өнгөрсөн 2020 оны зургадугаар сард Путины Дэлхийн II дайны тухай бичсэн нийтлэл нийтлэгдсэн билээ. Уг нийтлэл нь “Аугаа Ялалтын 75 жил: Түүх ба ирээдүйн өмнө хүлээх нийтлэг үүрэг хариуцлага” гэсэн гарчигтай байв.
Тус сэтгүүлийн редакц “ОХУ-ын Ерөнхийлөгч Европын улстөрчид, тэр дундаа Польшийн удирдагчид “Мюнхений хуйвалдааны баримтыг гуйвуулахыг оролдож” байгаатай холбогдуулан Дэлхийн хоёрдугаар дайны талаарх цогц дүгнэлтийг санал болгож байна” гэж онцлон тэмдэглэжээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч бүр 2019 оны сүүлчээр 1939-1945 оны хооронд үргэлжилсэн цэргийн мөргөлдөөн эхэлсний хариуцлагыг ЗХУ фашист Германтай адил тэнцүү хүлээх ёстой гэж Өрнөдийнхөн буруутгаж байх үед ийм нийтлэл бичихийг хүсч байсан аж.
В.Путин “Түүхийн сургамжийг мартах нь эцэстээ зугтах аргагүй өр төлөөс болж хувирдаг. Бид түүхэн баримтуудад тулгуурлан, үнэнийг тууштай хамгаалахын зэрэгцээ Дэлхийн хоёрдугаар дайны үйл явдлын тухай үнэнийг ярьсаар байх болно” гэж мэдэгджээ.