Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар өчигдөр 2021 оны төсвийн тодотголд эмч, ажилчдад 2 сая хүртэл төгрөгийн урамшуулал олгохоор тусгасныг мэдэгдсэн. Харин эмч нарын зүгээс эмнэлгийн ажилтнуудын цалинг хоёр дахин нэмэхийг шаардаж өнөөдөр мэдээлэл хийлээ.
Монголын Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Х.АРИУНАА:
Манай салбар хүний нөөцийн хомсдолд орлоо. Энэ нь Монгол Улсын иргэдийн амь нас, эрүүл мэндтэй холбоотой асуудал. Эрүүл мэндийн салбарынхан өөрсдөө өвдөж байна. Зургаадугаар сарын 21-нд удирдах албаныхантай уулзаж, тулгамдаж буй асуудлаа хэлсэн. 2020 оноос л энэ асуудлыг ярьсан. Зөвхөн “улаан бүс”-эд ажиллаж буй хүмүүст 2 сая төгрөг олгоно гэдгийг дэмжихгүй. Нийт салбарынхны 50 хувьд нэмэгдэл олгож, аргацааж байгаатай санал нийлэхгүй байна. Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын 90 гаруй хувь нь зээлтэй. Тэд халдвар авч гэр бүлийнхэндээ тараах явдал байна. Бүх эмч, эмнэлгийн ажилтнуудын цалинг хоёр дахин нэмэхийг шаардаж байна. Засгийн газар эрүүл мэндийн салбарт, эмч ажилчдад их хэмжээний хөрөнгө зарцуулж байгааг ярьдагч халдварын голомтонд ажиллаж буй эмч нарт хүрэлцэхгүй байна. Ажил олгогч нар цалингаа зөв олгож чаддаггүй.
Нэг ч болов монгол хүний амийг аврах гэж эрүүл мэндийн ажилчид хоёр жил зүтгэж байхад эрх баригчид олон хүн нэг дор цуглуулсан арга хэмжээ зохиодог, наадмаа тэмдэглэнэ гэдэг.
Бид Үндэсний их баяр наадам тэмдэглэхийг эсэргүүцэж байна. Хэрэв наадамд бэлдэж урлаг соёлынхон, бөх, сур харваачид зэрэг олон хүн халдвар авбал тэднийг хэвтүүлэх ор алга, эмчлэх эмнэлгийн ажилтан ч алга, бидний үгийг сонсохыг шаардаж байна.