Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдаанаар элчин сайдуудыг томилох тухай зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэснийг танилцуулж байна.
Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа ‘Засгийн газраас өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг 2021 оны наймдугаар сарын 31-н хүртэл сунгах шийдвэр гаргалаа. Өнөөдрийн байдлаар Архангай, Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Дархан-Уул, Завхан, Орхон, Сэлэнгэ аймагт коронавируст халдвар хүн амын дунд тархсан буюу ‘Улаан’ түвшинд байгаа. Мөн олон улсад коронавирусийн мутацид орсон хувилбар түгээмэл тархаж буйтай холбогдуулан дээрх шийдвэрийг гаргасан.
Нийслэл хот одоогоор ‘Улбар шар’ түвшинд байгаа. Мөн Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар кибер аюулгүй байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэн, УИХ-д өргөн барихаар болсон’ гэв.
Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг хоёр сарын хугацаанд сунгагдсанаар одоогийн хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд буюу 18 салбарын аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг хязгаарлах, хилийн зарим боомтын зорчигч тээврийг зогсоох зэрэг нь мөн адил үргэлжилнэ.
Тодруулбал, олон улсын агаарын замын Чингис хаан, автозамын Замын-Үүд, Алтанбулаг боомтоос бусад боомтод зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2021 оны наймдугаар сарын 31-н хүртэл зогсоож байна.