Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас “Үдийн цай” хөтөлбөрийг “Үдийн хоол” болгож нэг хүүхдэд ногдох зардал 900 төгрөг байсныг 1500 болгож нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа.
Мөн 6-9 дүгээр ангийн нэг хүүхдэд ногдох үдийн хоолны зардлыг 2022 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс 1,800 төгрөг байхаар тус тус тогтоолоо.
Энэ оны 9 дүгээр сарын 1-нээс бага ангийн сурагчдыг Үдийн хоолны үйлчилгээнд хамруулж, тэдний нас биеийн онцлогт тохирсон эрүүл, шим тэжээллэг хоол хүнсийг тэнцвэртэйгээр хүргэх боломж бүрдлээ.
Цэцэрлэг, сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чанар, хүртээмжид хяналт тавьж, удирдлага арга зүйгээр хангах чиг үүрэг бүхий хоолзүйч мэргэжилтний орон тоог баталж, шийдвэрлэхийг холбогдох сайд нарт даалгалаа.
Үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлснээр нийгмийн шинж чанартай олон асуудлыг давхар шийдэж ирсэн юм. Сургууль дээрээ цайлдаг болсноор хүүхдүүдийн хичээлдээ ирэх сонирхол нэмэгдсэн болохыг судалгаанаас харж болно. Тэгвэл энэ идэвхийг улам нэмэгдүүлэх, сурагчдад шим тэжээлтэй хоол хүнс хэрэглүүлэх энэ ажлыг дахин нэг алхам урагшлууллаа.
Хэдийгээр сурагчдыг үдийн хоол хөтөлбөрт хамруулах эрх зүйн орчин бүрдчихсэн байсан ч цар тахлын хүнд хэцүү цаг үетэй нүүр тулж санхүүгийн асуудлууд бидний өмнө тулгараад байсан юм.