Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Хонгорморьт 1 дүгээр багийн нутагт орших Ардын журамт цэрэг 1921 оны 3-р сарын эхээр цуглаж цэргийн зохион байгуулалтанд орж, дөрвөн хороо болон зохион байгуулагдсан “Ханын хөндий” гэх сайхан газар бий.
Түүхийн гэрч болсон энэ газар нутагт эх орон тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэж явсан партизан цэргүүдэд зориулсан дурсгалын хөшөө байдаг. 1946 онд ардын хувьсгалын 25 жилийн ойгоор дурсгалын самбар, 1981 онд ардын хувьсгалын 60 жилийн ойгоор хөшөө дурсгалын цогцолбор болгон нээж байжээ. Зах зээлд шилжсэн 1990-ээд оны эхээр ухвар мөчид хүмүүс зэс хөөмөл хөшөөг нурааж зэсийг нь авч сүйтгэсэн нь нэн тоогүй. Өнөөдрийн билэгт сайн өдөр энэхүү дурсгалын хөшөөг сэргээн засварлаж дуусгаад харьяа Алтанбулаг суманд хүлээлгэн өгөх үйл ажиллагаа боллоо.
Ардын хувьсгалын 100, Сэлэнгэ аймаг байгуулагдсаны 90 жилийн ойг угтаж Сэлэнгэ аймгийн Ахмадын холбооны санаачлага дор аймаг орон нутгийн дэмжлэг, аймгийн ахмадуудын хандиваар дурсгалын хөшөө ийнхүү шинэчлэгдэн засварлагдлаа. Хөшөөг шинэчлэн засварлах ажлыг Ч.Дэмбэрэлсайхан захиралтай “Сэлэнгэ Ундрам” ХХК гүйцэтгэжээ. Хөшөөг хүлээлгэн өгөх үйл ажиллагаанд Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч Ц.Рэгзэдмаа, аймгийн Ахмадын хорооны дарга Р.Ганхуяг, Сүхбаатар, Алтанбулаг, Шаамар сумдын ахмадуудын төлөөлөл оролцлоо. Энэ үеэр аймгийн Засаг даргын орлогч Ц.Рэгзэдмаа, аймгийн ахмадын холбооны дарга Р.Ганхуяг, “Сэлэнгэ Ундрам” ХХК-ийн захирал Ч.Дэмбэрэлсайхан, 1921 оны ардын хувьсгалын партизан Цэнгэний зээ охин н.Энхтүвшин нар үг хэлж, ахмадууддаа талархал илэрхийллээ.
Энэхүү хүндэтгэлийн үйл ажиллагаанд Монгол Улсын ойн гавьяат ажилтан Б.Жамсран, усан замын дэд адмирал Б.Гонгор, атрын анхдугаар аяны МХЗЭ-ийн дарга Ж.Халтар нарын нэр алдар нь олонд түгсэн ахмад буурлууд хүрэлцэн ирж оролцон хүндэтгэл үзүүллээ.
Дурсгалын хөшөөг шинэчлэх ажилд хандив туслалцаа үзүүлсэн Сэлэнгэ аймгийн 17 сум, 6 тосгоны ахмад буурлууд, хувиасаа 1.5 сая төгрөгийн хандив өргөсөн партизан Цэнгэний зээ охин н.Энхтүвшин болон тэдний үр хүүхдүүд, сэтгэлийн угаас дэмжсэн бүх хүмүүстээ гүн талархал илэрхийлье.
Үзэсгэлэнт Сайханы хөтөл орох замаас 1 км зайд орших дурсгалын хөшөөг та бүхэн сонирхон саатаж, ханын хөндийд өрнөсөн их түүхийг эргэн санах болно.