Их эзэн богд Чингис хааны мэндэлсний 858 жилийн ой, ‘Монгол бахархлын өдөр’ өдөр өнөөдөр тохиож байна. Монгол Улсын Ерөнхийлөгч 2010 онд ажлын хэсэг гаргаж, судлаач эрдэмтдээр Их эзэн богд Чингис хааны мэндэлсэн он, сар, өдөр, төрсөн газрыг албан ёсны болгож баталгаажуулсан байдаг. Тус ажлын хэсэгт академич Ш.Бира, Д.Цэрэнсодном, доктор С.Чулуун, Д.Базаргүр нарын есөн эрдэмтэн орж ажиллан, Чингис хаан билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд Хэнтий аймгийн Дадал сумын нутагт Онон, Балж хоёр голын боомын ойролцоо Дэлүүн болдогт төрсөн гэж албан ёсоор тогтож байлаа.
Хэнтий аймаг, Дадал сум, Дэлүүн болдог
Чингис хааны мэндэлсэн өдөр буюу өвлийн тэргүүн сарын шинийн 1 жил бүр өөр өөр өдөр тохиодог. Тодруулбал, 2012 онд арваннэгдүгээр сарын 14-нд тохиож байсан бол энэ жил ийнхүү 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр тохиож байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны нэгдүгээр сарын 9-ний өдрийн 4 тоот зарлигаар Эзэн богд Чингис хааны мэндэлсэн огноог холбогдох ажлын хэсгийн дүгнэлт болон ШУА-ны саналд үндэслэн албан ёсны болгож, билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн хэмээн тогтоон, уг өдрийг ‘Монгол бахархлын өдөр’ болгон тэмдэглэн өнгөрүүлж байхаар тогтсон юм. Энэ жил дэлхий нийтэд цар тахлын хэмжээнд хүрээд байгаа Коронавирусийн халдвараас шалтгаалж ‘Монгол бахархал’-ын өдрийг ёслол төгөлдөр тэмдэглэх боломжгүй байна. Гэсэн хэдий ч иргэд гэр гэртээ эх түүхээрээ, эх орноохоо бахархах түүхэн тэмдэглэлт өдөр тохиож байна.
Хэнтий аймаг, Дадал сум, Гурван нуур