Нийслэлийн хэмжээнд ерөнхий боловсролын 280 сургууль үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс 260 нь Боловсрол шинжлэх ухааны яамнаас гаргасан журмын дагуу 5:9 зарчмаар хичээллэж байгаа. Мөн төрийн өмчийн 19 сургууль танхимаар хичээллэж байгаа бол нэг сургууль цахим шилжээд байна. Мөн цэцэрлэгүүдийн талаарх мэдээллийг харьяа дүүргээс нь нэгтгэж байна. Баасан гаригийн байдлаар 18 цэцэрлэгийн 125 бүлгийн 2571, 11 сургуулийн 55 бүлгийн 1590 хүүхэд зайн сургалтад шилжсэн. Өөрөөр хэлбэл, хичээлийн шинэ жилийн эхний долоо хоногт цэцэрлэгийн 125, сургуулийн 55 бүлэгт Covid-19 халдвар бүртгэгдсэн. Энэ нь хүүхдийн өвчлөлөөс шалтгаалаагүй. Цэцэрлэгийн бүлэг, багш нар халдвар авч өвдсөн тул тухайн цэцэрлэгийн бүлэг хичээллээгүй гэх мэдээлэл байгаа юм. Өнөөдөр дахин сургууль, цэцэрлэгийн нэгдсэн мэдээллийг гаргах юм байна.