Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монголбанкны удирдлага болон холбогдох бусад албан тушаалтнуудтай цахим уулзалт хийж зээл, зээлийн хүүг бууруулах асуудлаар мэдээлэл сонсон, санал солилцож, үүрэг даалгавар өглөө. Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн банкны төлбөр тооцоо хэвийн явж байгаа бөгөөд цаашид цахим төлбөр тооцоог түлхүү ашиглах шаардлага үүсч байгааг мэдээллээ.
Тэрбээр өмнө нь Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлтэй хамтран шийдвэр гаргаж, 3.7 их наяд төгрөгийн зээлэнд бүтцийн өөрчлөлт хийсэн. Одоо арилжааны банкуудад Монголбанкнаас олгох зээлийн эх үүсвэрийн зардлыг бууруулах замаар зээл, зээлийн хүүг багасгах боломж бий. Түүнчлэн өмнөх туршлагадаа үндэслэн ипотекийн зээлийн хүүг бууруулах, хөнгөлөлт үзүүлэх арга хэмжээ авахад бэлэн байна. Энэ зорилгоор Мөнгөний бодлогын зөвлөлийн хурлыг ойрын үед хуралдуулахаар төлөвлөж байна гэлээ. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар уулзалтын төгсгөлд Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатараар ахлуулсан ажлын хэсгийг УИХ-аас байгуулж, ‘Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай’ хуулийг хэрэгжүүлэх, зээл, зээлийн хүүг бууруулах асуудлаар шуурхай арга хэмжээ авах хугацаатай үүрэг даалгавар өглөө.