Хөгжлийн Банкны асуудлаар Сангийн сайд Б.Жавхлан дараах тайлбарыг өглөө.
Тэрбээр “Хөгжлийн Банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орж байгаа. ТУЗ-ийн гишүүнийг томилох хуулийн процессын ажил хийгдэж байна.
Төрийн албанаас тодорхой хүмүүс орно. Мөн хараат бүс гишүүд томилогдоно. Энэ бүгдийг хуулийн дагуу олон нийтэд зарласан бөгөөд материалуудыг хуулийн хугацаанд хүлээн авч, сонгон шалгаруулалт хийгээд, АТГ-аас төрийн албан хаагчдад тавигдах тодорхойлолт ирэхээр шинэ ТУЗ томилогдоно. Тухайн үед нь бүрэлдэхүүнийг нь танилцуулна.
Хөгжлийн Банкны нийт чанаргүй багцын гуравны нэгд нь дөхөх хэмжээний төрийн өмчийн үйлдвэрийн газруудын чанаргүй зээлийн асуудал бий. Уг асуудал дээр сайд нар, хариуцсан ажилтнууд идэвхтэй ажиллах чиглэлийг үүрэг болгосон. Төрийн өмчийн үйлдвэрийн газрууд зээл аваад эрсдэлгүй мэт явдаг, үр өгөөжгүй зүйлүүдэд мөнгө зарцуулдаг асуудлыг таслан зогсооно. Тус газруудын авсан чанаргүй зээлийг төлж барагдуулах онцгой үүргийг сайд нарт өгсөн.
Хөгжлийн Банкны чанаргүй зээлдэгчдийг зарласнаас хойш 49.8 тэрбум төгрөгийн өр зээл барагдсан байна. Сүүлийн долоо хоног энэ төлөлт зогсоод байгаа тул эрчимжүүлэх чиглэлийг Засгийн газраас Хөгжлийн Банканд өгсөн.
Хөгжлийн Банкнаас “Кью Эс Си”, “Хөтөл” компаниудын авсан зээл Эрдэнэтийн 49 хувийг худалдаж авахад оролцсон. Засгийн газраас энэ асуудлыг улсын мөнгөөр улсад ирэх хувийг худалдаж авсан гэж үзэж байгаа. Бэлэн мөнгө төлж 49 хувийг худалдаж авах биш, харилцан суутгах замаар авъя гэдэг зарчмыг үе үеийн Засгийн газар баримталж ирсэн. Энэ удаад мөн л улсаас авах авлагууддаа харилцан суутгах замаар хэлэлцлээ амжилттай болгож, 49 хувийг улсдаа авах ажлыг бүрэн дуусгая гэсэн зарчмыг баримталж байгаа” гэдгийг хэлэв.