Дотоодод ам.долларын эрэлт үүсээд хоёр долоо хоног өнгөрч буй. Хэдхэн хоногийн өмнө арилжааны банк лимиттэй олголт хийж байсан бол өнөөдөр бэлэн ам.доллар гаргахаас татгалзаж эхэлжээ. Харин “Найман шарга” дээр валютын ханш “тэнгэрт цойлж” байна. Тус зах дээр валютын 30 гаруй том, жижиг төв, гадна талбайн 20 орчим ченж байх аж. “Найман шарга”-ын туслах зам дээр хүмүүсийг угтаж, нэгнээсээ урьтан доллар зарах уу? гэх хүмүүс.
1000-аас доош ам.доллар бол 3150, дээш бол 3170-3180 төгрөгөөр авч байна. 5000-аас дээш ам.доллар бол ярьж тохироод дансаар мөнгийг нь шилжүүлнэ гэлээ.
Албаны хүмүүс агаар, авто болон төмөр замаар ам.доллар гадагшаа гаргаж байгаа гэдэг худал мэдээлэл. Өнгөрсөн арав, арваннэгдүгээр сард экспорт тэг зогссон. Одоо зэсийн баяжмал, төмрийн хүдэр, алт хилээр гарч байна. Нүүрсний экспортод өдөрт 300-400 орчим машин гарч байна. Экспорт эргээд валют болдог гэж тайлбарласан. Харин хүмүүсийн үзэж байгаагаар гадаад руу их хэмжээний ам.доллар гаргаж байгаагаас өнөөдрийн нөхцөл байдал үүссэн. Банкуудаас харахад энэ нь илт байна гэцгээнэ.
Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын Санхүүгийн зах зээлийн хэлтсийн захирал П.Мөнхбаяр хэлэхдээ “Төв банкны тухай хууль болон Банкны хуулиар Монголбанк банкны дотоод үйл ажиллагаанд оролцохыг хориглодог. Өөрөөр хэлбэл, дуудлага худалдаагаар төв банк валют өгсөн ч гэсэн түүний цаана хэнд хэдийг өгөх вэ гэдэг дээр Монголбанк ямар нэгэн хязгаарлалт чиглэл байдаггүй. Банкууд өөрсдөө харилцагч нартайгаа арилжаагаа хийгээд явдаг.
Сүүлийн үед иргэдээс ирж буй гомдол мэдээлэл нь банкнууд ам.доллар зарахгүй, хязгаарлалт тавьчихаад байгаа асуудал. Монголбанк валютын арилжаанд ямар нэгэн хязгаарлалт тогтоодоггүй.
Энэ асуудал дээр тухайн банкуудын менежерүүд нь харилцагч нартаа Төв банк хязгаарлалт тогтоосон гэж хэлж байгаа бол ташаа мэдээлэл. Монголбанкны зүгээс банкуудад холбогдох анхааруулгыг өгнө” гэсэн юм. Гэхдээ аль ч арилжааны банкинд Монголбанкны анхааруулга, сануулах бичиг очоогүй байна. Харин хоног өнгөрөх бүрд валютын ханш улам савалсаар л.