АТГ-аас МАН-ын бүлгийн зарим гишүүгийг яллагдагчаар татах саналыг Нийслэлийн прокурорын газарт гаргажээ. УИХ-ын гишүүн Г.Амартүвшин эрх мэдлээ урвуулж, Х.Ганхуяг, Г.Дамдинням нарын хамаарал бүхий аж ахуйн нэгжид давуу байдал олгон, их хэмжээний зээл өгсөн гэх үндэслэлээр яллагдагчаар татах санал гаргасан байна. Мөн тэдний ар гэрт нэгжлэг хийж, хууль зөрчсөн баримт нотолгоо олсон гэх мэдээлэл байна.
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Г.Дамдинням нарын хамаарал бүхий ‘Вертекс майнинг партнерс’ компани Хөгжлийн банкнаас 2020 онд 33 тэрбум төгрөгийн зээл авсан юм. Ингэхдээ хууль зөрчсөн байж болзошгүй нөхцөл байдал үүссэн тул АТГ-аас тэдэнд эрүүгийн хэрэг үүсгэжээ. Г.Амартүвшин нь УИХ-ын гишүүнээр сонгогдохоосоо өмнө Хөгжлийн банкны захирлаар зургаан сар ажилласан байдаг. Энэ хугацаандаа /2020 оны нэгдүгээр сард/ УИХ-ын гишүүн Г.Дамдинням, Х.Ганхуяг нарын хамаарал бүхий компанид 33,5 тэрбум төгрөгийн зээл олгосон гэх асуудлаар шалгаж байгаа. Хөгжлийн банкны хэрэгт холбогдуулж, гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байсан Н.Мөнхбат, Б.Батбаяр нарыг цагдан хорьсон. Г.Амартүвшин нь гишүүний бүрэн эрхтэй тул түүнийг цагдан хорьж, шалгах боломжгүй юм.