Хэнтий аймгийн Чингис хот-Бэрх-Ульхан боомт чиглэлийн 318.3 км авто замын бүтээн байгуулалтын эхний 50 километр буюу Чингис-Дадал чиглэлийн хатуу хучилттай авто зам долдугаар сарын 3-наас ашиглалтад ороод буй. Ингэснээр Бэрх хот хатуу хучилттай авто замаар аймгийн төв болон Улаанбаатар хоттой холбогдлоо.
Энэхүү зам нь Өндөрхаан-Батноров-Норовлин-Дорнодын Баян-Уул-Ульхан чиглэлийн улсын чанартай замын эхлэл хэсэг бөгөөд зүүн гурван аймаг ОХУ-ын Дээд Ульхан хилийн боомттой холбогдож эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх өндөр ач холбогдолтой юм байна.
Чингис хот-Дадал чиглэлийн 20 км хатуу хучилттай авто замыг “Наранбулаг-хан” ХХК гүйцэтгэж, 2019 онд хүлээлгэн өгсөн. Энэхүү замын үргэлжлэл 50 км хатуу хучилттай авто замыг ч тус компани барьж гүйцэтгэн ашиглалтад оруулжээ.
“Ульхан хилийн боомт хүртэл авто зам тавигдсаны дараа манай улсын иргэд Чита муж руу хатуу хучилттай авто замаар явах бүрэн боломжтой болно. Цаашдаа Хавиргын боомтын 124 км авто замын ажлыг энэ жил эхлүүлнэ” гэдгийг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар мэдэгдэв.
Мөн Чингис хот-Баянмөнх-Дархан-Бор-Өндөр-Даланжаргалангийн 218 километр замыг барьснаар Хэнтий аймгаар ОХУ-ыг БНХАУ-тай авто замаар холбох зүүн босоо тэнхлэгийн хоёр дахь эдийн засгийн коридор байгуулагдах аж.