МАН-ын дүрмийн дагуу аливаа томилгоонд эмэгтэйчүүдийн квотыг 30 хувьд барих ёстой гэсэн зарчимтай. Тиймээс ч УИХ дахь эмэгтэй гишүүд өчигдөр намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзжээ. Тэдний зүгээс эмэгтэйчүүдийн 30 хувийг квотоо Засгийн газрын сайд нарын томилгоондоо хангаж ажиллахыг хүссэн байна. Ерөнхий сайд ч анхаарна гэжээ. Хэрэв Засгийн газрын сайд нарын 30 хувь гэвэл 5-6 сайд нь эмэгтэй байх шаардлагатай. Хэрэв одоогийн Засгийн газрын дан дээлтэй гурван эмэгтэй сайдын хоёрыг нь явуулбал УИХ-аас хоёр эмэгтэй гишүүн сайд болно гэсэн таамаглал бий. Гэхдээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд Соёлын сайд Ч.Номинг үлдээхийг хүсч буй. Харин Ерөнхийлөгч, МАН-ын генсек Д.Амарбаясгалан нарын хувьд Нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нарыг явуулахыг хүсэхгүй байгаа.
Энэ мэтчилэн хэн хэн сайд болох хэн гэдэг сайд албандаа үлдэх вэ гээд МАН-ын дарга нарын тохироо, толхилцоон улс төрийн халуун сэдэв хэвээр. Чухам Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан, У.Хүрэлсүх гэсэнгурвалын тохиролцоо энэ бүхнийг эцэслэнэ.
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэзээ ёсчлохоос сайд нарыг хэзээ томилох, МАН-ын Удирдах зөвлөл хэзээ хуралдах вэ гэдэг тодорхой болно. УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр өөрийн биеэр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг Ерөнхийлөгчид хүргүүлж, Ерөнхийлөгч ажлын гурван өдрийн дотор ёсчлох ёстой. Хэрэв эрх баригчид сайд нар дээрээ эцэслэн тохирсон бол Ерөнхийлөгч өнөөдөртөө ёсчилно. Үгүй бол амралтын өдөр эрх баригчдын сайдын тохироо үргэлжилнэ гэсэн үг.