Хөдөө орон нутаг руу явах гэж байгаа иргэд өнөөдөр шинжилгээнд хамрагдаж байна. Гэвч зохион байгуулалт үнэндээ л алга. УОК, ЭМЯ хүн хоорондын зай 1,5 метр байхыг зөвлөж, өдөр шөнөгүй ажиллаж байна. Гэтэл шинжилгээнд хамрагдахаар дараалал үүсгэж буй иргэдэд энэ зөвлөмж мөрөгдөхгүй байгаа төдийгүй хяналт тавьж байгаа хүн алга бололтой. Иргэдийг шинжилгээнд хамруулах ажил гэнэт өнөөдөр өглөө хийгдэж байгаа төлөвлөөгүй ажил биш. Таван ч яамны төрийн нарийн бичгийн дарга нар орсон ажлын хэсэг байгуулагдаж, эрүүл мэндийн яам үзлэг, шинжилгээ хийхэд шаардлагатай халдвар, хамгааллын хувцас, оношлуур гээд шаардлагатай бүхнээр эмч нараа хангасан. Харин одоо ямар зохион байгуулалтаар иргэдийг шинжилгээнд хамруулахыг ЗТХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга С.Батболд хариуцан ажиллах учиртай. Тийм учраас коронавирусийн халдвараас сэргийлэх чиглэлд эрхэм дарга та хариуцсан ажлаа хангалттай сайн гүйцэтгэж, зохион байгуулалтаа сайжруулах шаардлага үүсээд байна. Ингэж чадахгүй бол коронавирусийн халдварыг хумих, таслан зогсоох чиглэлд хийж байгаа ажил хэдхэн цагийн дотор талаар болж, хяналтаа алдаж мэдэх эрсдэл өндөр байна.