Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг улирч буй 2024 онд дэлхий дахинд өрнөсөн онцлох үйл явдлуудаас нэрлэж байна.
1.Швед улс албан ёсоор НАТО-д элслээ
Гуравдугаар сарын 7-ны өдөр Швед улсын Ерөнхий сайд Ульф Кристерссон холбогдох баримт бичгүүдийг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Э.Блинкенд хүлээлгэн өгснөөр сүүлийн хоёр жилийн турш үргэлжилсэн НАТО-д элсэх үйл явц дуусгавар болж, Швед улс хойд Атлантын эвслийн 32 дахь гишүүн боллоо.
2.В.Путин ОХУ-ын ерөнхийлөгчөөр дахин сонгогдов
Гуравдугаар сарын 15-17-ны өдрүүдэд болсон сонгуулийн санал хураалтад тэрбээр сонгогчдын 87.28 хувийн санал авч, 5 дахь удаагаа ОХУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдож, 5 дугаар сарын 7-ны өдөр тангараг өргөлөө.
3.Израилын ба ХАМАС-ын удирдагчдыг баривчлах хүсэлт гаргав
Тавдугаар сарын 20-ны өдөр Олон улсын Эрүүгийн шүүхийн прокуророос Израилын Ерөнхий сайд Б.Нетаньяху, Батлан хамгаалахын сайд И.Галлант нар болон ХАМАС бүлэглэлийн гурван удирдагчийг дайны гэмт хэрэг үйлдсэн хэргээр баривчлах тушаал гаргах хүсэлтийг тус шүүхэд тавьжээ. Үүнээс яг 6 сарын дараа Хааг дахь Олон улсын эрүүгийн шүүх хүсэлтийг хүлээн авч, баривчлах тушаал гаргалаа.
4.АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Дональд Трамп ялав
Сонгуулийн өмнө явуулсан олон удаагийн санал асуулгаар Д.Трамп болон АНУ-ын дэд Ерөнхийлөгч К.Харрис нар эн тэнцүү өрсөлдөнө гэсэн дүр зураг гарч байсан боловч 11 дүгээр сарын 6-нд болсон сонгуульд Д.Трамп сонгогчдын коллегийн 312 гишүүний саналыг авснаар илт давуу яллаа. Харин сонгуульд ялахын тулд 270 гишүүний саналыг авахад хангалттай бөгөөд түүний өрсөлдөгч Камала Харрис 226 санал авчээ. Ингэснээр Д.Трамп дөрвөн жил завсарласны эцэст дахин Ерөнхийлөгчөөр сонгогдсон Америкийн түүхэн дэх хоёр дахь улстөрч боллоо.
5.БНСУ-д онц байдал зарлав
Арванхоёрдугаар сарын 3-ны өдөр БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёль улс орондоо онц байдал зарлаж “сөрөг хүчнийхэн төрийн эсрэг үйл ажиллагаа явуулж, засгийн газрын хэвийн үйл ажиллагаанд саад учруулж байгаа учраас уг шийдвэрийг гаргасан” гэдгээ мэдэгдлээ. Энэ бол 1980 онд тус улсад гарсан төрийн эргэлтээс хойш анх удаа онц байдал зарласан тохиолдол байв.
Онц байдал зарласан даруйд тус улсын Үндэсний Ассамблейн гишүүд парламентын ордонд цугларч, Ерөнхийлөгчийн шийдвэрийг цуцлахын төлөө саналаа өгчээ. Хэдхэн цагийн дараа Юн Сог Ёль онц байдал тогтоох тухай зарлигаа хүчингүй болгосон юм. Үүнээс 11 хоногийн дараа БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёлийг онц байдал зарласантай холбогдуулан огцруулах үйл явцыг эхлүүлэхийг /импичмент/ Үндэсний Ассамблей дэмжсэнээр Үндсэн хуулийн цэц түүнийг албан тушаалд нь эргүүлэн томилох эсвэл огцруулах эсэхийг шийдэх хүртэл бүрэн эрхийг нь түдгэлзүүллээ.
6.Сирийн сөрөг хүчнийхэн Башар аль-Асадын дэглэмийг түлхэн унагав
Саяхныг хүртэл Сирийн талаар дэлхийн мэдээллийн агентлагууд бараг мэдээлэхгүй байсан бол 11 дүгээр сарын сүүлчээс хойш 11 хоногийн дотор сөрөг хүчнийхэн Алеппо, Хама, Хомс хотуудыг, 12 дугаар сарын 8-ны өдөр нийслэл Дамаск хотыг эзлэн авч, Башар аль-Асадын дэглэмийг түлхэн унагасан нь дэлхийн хамтын нийгэмлэгийн хувьд гэнэтийн үйл явдал байлаа.
Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Асад нийслэл Дамаск хотыг орхин гарч, ИЛ-76 нисэх онгоцоор ОХУ-ын нийслэл Москва хотод очжээ. Нийслэлийг эзлэн авсан сөрөг хүчнийхэн Сирийн шилжилтийн түр засгийн газрыг байгуулсан байна. Ийнхүү Сири улсын түүхэнд шинэ хуудас нээгдэж, Асадын гэр бүлийнхний 54 жил үргэлжилсэн засаглал төгсгөл болов.
7.COP 29: Хөгжиж буй орнуудад олгох санхүүжилтийг гурав дахин нэмэгдүүлэв
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын 29 дүгээр бага хурал /COP29/ “Ногоон дэлхий ертөнцийн төлөөх эв нэгдэл” сэдвийн хүрээнд /11 дүгээр сарын 11-22-ны өдрүүдэд Азербайжан улсын нийслэл Баку хотноо боллоо.
Бага хурлын үеэр өндөр хөгжилтэй орнууд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд нь дэмжлэг болгож хөгжиж буй улсуудад жил бүр 300 тэрбум ам.доллароос доошгүй хэмжээний санхүүжилт олгох үүргийг хүлээжээ. Өмнө нь санхүүжилтийн хэмжээ 100 тэрбум ам.доллар байсантай харьцуулахад энэ бол 3 дахин өссөн тоо юм.
8.“Oдиссей” хөлөг Саран дээр амжилттай газардлаа
Хоёрдугаар сарын 22-ны өдөр Америкийн “Intuitive Machines” компанийн “Nova-C” буюу “Odysseus” гэдэг нэртэй буугч төхөөрөмж Сарны өмнөд туйлын орчимд амжилттай газарджээ.
Энэ нь 1972 онд НАСА-гийн “Аполлон 17” хөлгийн буугч төхөөрөмж Саран дээр газардсанаас хойш 52 жилийн дараа Америкийн сансрын хөлөг Дэлхийн дагуул дээр газардсан анхны, мөн хувийн компани анх удаагаа төхөөрөмжөө Сар руу илгээсэн тохиолдол боллоо.
9.Парисын Эх дагинын сүмийг нээв
2019 оны дөрөвдүгээр сард гал түймэрт сүйдсэн Парисын Эх дагинын сүмийг таван жилийн турш сэргээн засварласны эцэст 12 дугаар сарын 7-ны бямба гарагт дахин нээлээ. Нээлтийн ёслолд оролцохоор дэлхийн 40 гаруй улсын төр, засгийн тэргүүн нар Францын нийслэлд хүрэлцэн очжээ.
Сэргээн засварлах нөр их ажилд 1000 гаруй урчууд гар бие оролцож, дэлхий даяар 880 сая гаруй ам.долларын хандив цуглуулсан байна.
10.Францын нийслэл Парис хотноо зуны Олимпын XXXIII наадам болов
Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэдэл болсон Олимпын наадмын гал 7 дугаар сарын 26-ны өдөр Парис хотын тэнгэрт бадамлан ассанаар орчин цагийн Олимпын хөдөлгөөнийг үндэслэгч, их соён гэгээрүүлэгч Пьер де Кубертений эх нутагт нэгэн зууны дараа Олимпын их наадам гурав дахь удаагаа эхэллээ.
Зуны 33 дахь удаагийн Олимпын тоглолтыг нээх ёслолыг түүхэнд анх удаагаа Цэнгэлдэх хүрээлэнд бус, гол мөрний эрэг дагуу зохион байгуулсан нь онцгой содон үйл явдал байв. Парисын төвөөр урсах Сена мөрнөөр 206 улсын баг тамирчдын хөлөглөсөн завины цуваа явж өнгөрсөн бөгөөд энэ гайхамшигт ёслолыг 300 мянга гаруй хүн дэргэдээс нь үзэж сонирхжээ.