103 жилийн бууралтай түүхтэй, эгнээнээсээ арван баатар төрүүлсэн Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэл нь жил жилийн намраар ихэр залуусаар эгнээгээ тэлдэг хамт олон билээ.
2023-2024 онд Төв аймгийн Батсүмбэр сумаас хоёр айлын ихэр хөвгүүд буюу байлдагч Б.Цолмонбаяр, Б.Тэлмэнбаяр болон байлдагч Н.Шинэхүү, Н.Шинэбаяр нар хугацаат цэргийн албаа нэр төртэй хаагаад халагдаж байв.
Тэдний залгамжийг өвлөж, 2024 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагаар хоёр айлын ихэр залуус мөн л нэгтгэлийг зорин иржээ. Тэр дундаа Дорноговь аймгийн Сайншанд сумын харьяат байлдагч Б.Санзайдорж, Б.Баасандорж нарыг Хуурай замын цэргийн нэгдсэн тактикийн хээрийн сургуульд хосоороо гарсан байхтай нь таарав. Байлдагч Б.Санзайдорж сүрхий яриасаг, нүүрэмгий бол Б.Баасандорж нь даруу төлөв талдаа байлдагч байна. Б.Санзайдорж хээрийн сургуульд гарснаар өмнө харж үзэж байгаагүй байлдааны бусад зэвсэглэл, техникийг харахад хийморь сэргэнэ гэдэг шиг л юм болж байна. Буудлага хийх нь үгээр хэлэмгүй гайхалтай мэдрэмж юм, өөрийгөө эх орны өмнө үүрэг хүлээсэн эр цэргээ гэдгээ ухамсарлуулах үнэтэй цаг минь хээрийн сургууль болж чадлаа гэж бахдан бахдан ярих. Тэрээр цэргийн албанд ирснээр зохион байгуулалт, төлөвлөлтөд суралцаж байна. Хэрэв гэртээ байсан бол утсаа бариад суухад нэг л мэдэхэд нэг, хоёр цаг өнгөрчихсөн байдаг шүү дээ. Цэргийн албанд харин нэг цагт ямар их ажил амжуулж болдгийг мэдэрч байна. Амьдралдаа төлөвлөлт, зохион байгуулалтыг заавал мөрдлөгөө болгож явна аа гэв.
Байлдагч Б.Баасандорж цэргийн эрдэмд суралцахаас гадна өөрт нь хэрэгтэй олон сургалтуудыг авч буйгаа онцлон ярилаа. Англи хэл, компьютерийн анхан шатны мэдлэгтэй болж, монгол бичгээр чөлөөтэй бичиж, уншиж сурч, өдгөө жолооны дамжаанд суралцах гэж байгаагаа өгүүлэв. Б.Санзайдорж эмч тэр дундаа цэргийн эмч болох зорилт тавьсан бол Б.Баасандорж инженерийн чиглэлээр суралцахаар төлөвлөснөө дуулгана лээ. Нээрээ цэрэгт мордох санаачилгыг Б.Баасандорж гаргасан, энэ нь бидний хамгийн зөв шийдвэр байсан хэмээн түүний ихэр ярилцлагынхаа төгсгөлд онцолж, Дорноговь аймгийн Сайншанд суманд ажиллаж амьдарч байгаа аав Бат-Эрдэнэ, ээж Энхтуяа, ах, эгч, дүү нартаа “Хөвгүүд нь албандаа сайн байгаа шүү” хэмээн дамжууллаа.

Статистик, зарыг үзэх
Нийтлэлийг дэмжих
Бүх хариу үйлдэл:
1