УИХ-ын чуулганаар МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүдийг томилоод байна. Удахгүй Ерөнхий захиралын сонгон шалгаруулалтад оролцож байгаа хүмүүс мөрийн хөтөлбөрөө танилцуулж, ярилцлаганд орж эхэлнэ. Тэгвэл олон нийтийн телевизийн ерөнхий захирлын сонгон шалгаруулалтад өрсөлдөж байгаа ‘Эрдэнэс таван толгой’ ХК-ийн Олон нийттэй харилцах албаны дарга, сэтгүүлч М.Амарбаяр цахим хуудаснаа ингэж бичжээ. Тэрбээр: МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын сонгон шалгаруулалтад өрсөлдөхөөр гэнэт шийдээд, 3 өдрийн дотор материалаа бүрдүүлж өгсөн хүн билээ. Гэхдээ Мөрийн хөтөлбөр буюу очвол юу хийх вэ гэдэг төлөвлөгөө бараг бэлэн байсан. Учир нь энэ байгууллагад ажиллаж байсан, олон ч найз нөхөд,танилууд энд одоо ч ажилласаар байгаа, тэдэнтэйгээ байнга холбоотой байдаг, уулзаж ярилцдаг хүний хувьд юу нь болохгүй байна, юуг өөрчилж шинэчлэх ёстой вэ гэдгийг тодорхой хэмжээнд мэддэг, санал солилцдог, нэг ёсондоо байнга толгойд эргэлдэж, санаа зовж явдаг зүйлс байдаг гэж хэлж болно. Тэр бүхнийгээ цаасан дээр буулгаад ҮЗ-д өгсөн. Мэдээж бүтэц орон тоо, төсөв мөнгө гээд нарийн мэдээлэл дутуу болохоор ерөнхийдүү маягтай л болсон байж мэднэ.
Сонгогдох сонгогдохгүй нь дараагийн асуудал, хэн ч очсон хамт олны ярьдаг тулгамдсан асуудал, нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрт туссан сайн зүйлүүдийг хэрэгжүүлэхийн төлөө ажиллах ёстой байх. Товчхондоо, хуульд заасан үүргээ биелүүлдэг, бусад тв-ийн тоодоггүй өв уламжлал, ёс заншил, түүх гэх мэт олон хүнд ‘уйтгартай’ санагддаг нэвтрүүлгүүдээ ч бэлтгэн үзүүлдэг, дээр нь ‘нийгмээрээ хошууран хэлэлцэж үздэг контент ч гардаг, нэг ёсондоо ‘хүн үздэг’ тв баймаар санагддаг. Ийм байх хүний нөөцийн ч, санхүүгийн ч чадавх бүрэн бий гэж боддог.