ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өчигдөр улсын хэмжээнд хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариуг танилцуулав.
Тэрбээр 2020 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдөр улсын хэмжээнд 9,070 хүнд шинжилгээ хийхэд 18 хүний шинжилгээнд халдвар илэрлээ. 18 тохиолдол бүгдээрээ БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт үүссэн халдварын голомтод бүртгэгдсэн. Тус голомтын халдвар нийт 20 болж байна. Эхний батлагдсан тохиолдлууд халдвар гарч байсан голомт бүхий газарт амьдардаг бөгөөд тухайн бүс нутгаас эхтэй халдварын голомт үүссэн байх магадлал өндөр байгаа. Гэхдээ хавьтлыг тандан судлах ажил үргэлжилж байна.
БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт эмч, ажилчид, өвчтөнүүд гээд 379 хүний тусгаарласан байгаа.
Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдол 941 болсон. Эдгээрээс эдгэрсэн 473 хүн байгаа. Эмчилгээнд байгаа 459 хүний биеийн байдлыг үнэлбэл, маш хүнд 1, хүнд 3, хүндэвтэр 32, хөнгөн 423 хүн байна.