Уулзалтад Боловсролын сайд Н.Уртнасан, Шинжлэх ухаан, Боловсролын сайд С.Төмөр-Очир, Гэгээрлийн сайд Ч.Лхагважав, А.Баттөр, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд А.Цанжид, Ө.Энхтүвшин, Н.Болормаа, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь, Г.Чулуунбаатар, Ц.Цогзолмаа, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн нар оролцлоо.

Уулзалтын эхэнд БШУ-ны сайд Л.Энх-Амгалан ‘Боловсрол, шинжлэх ухааны салбарын 100 жилийн ой тохиож байгаа энэ үед томилогдон ажиллаж байгаадаа би өөрийгөө азтай сайд гэж бодож байгаа. Өнгөрсөн хугацаанд нийт 38 сайд ажиллаж, сүүлийн 20 жилд 18 сайд томилогдон ажилласан байна. Бүрэн эрхийн хугацаагаа дуусгасан гурван сайд байдаг. Энэ бол сайд нарын буруу биш. Харин үүнийг Монгол Улсын бодлого, сонгуулийн тогтолцоо, нийгмийн гажиг гэж харж байгаа.
Уламжлалгүйгээр шинэчлэл гэж байдаггүй. Тиймээс өнөөдөр сайд нарынхаа саналыг сонсъё’ гэж зорьсон тухайгаа ярилаа. Өнөөдөр боловсрол, шинжлэх ухааны салбарт 101.390 хүн ажилладаг. Энэ бол нийт төрийн албан хаагчийн 40 гаруй хувь юм. Иймд төрийн албаны шинэчлэлийг боловсролын салбараас эхэлж болно.

Мөн боловсролын салбарт 1,7 их наяд төгрөгийн санхүүжилт хийгддэг. Үүнийгээ багш, хүүхдүүддээ зориулж, ерөнхий боловсролын сургуульд олгодог санхүүжилтээс болж ялгаа үүсч эхэлсэн. Үүнээс гадна шинжлэх ухааны салбар, их, дээд сургууль, хүрээлэнгүүдийн хамтран ажиллах сэтгэлгээ хангалтгүй байна. Боловсролын тогтолцоо ийм байхад санхүүжилтийг нэмсэн ч бодит байдал өөрчлөгдөхгүй. Тиймээс энэ бүгдийг өөрчлөхөөр шинээр томилогдсон сайд ажиллаж байгаа юм байна.
