Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд хууль тогтоомжийг нийцүүлэх үүднээс Шүүхийн тухай багц хуулийг шинэчилсэн. Өөрөөр хэлбэл, Шүүхийн тухай хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Шүүхийн захиргааны тухай хууль, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай гээд дөрвөн тусдаа хуулиар зохицуулж байсан хариуцлагыг нэг багц хуулиар зохицуулдаг болж байна.
Шүүхийн тухай хууль нь Үндсэн хуулийн салаа мөчир нь гэж тодотгож болно. Учир нь, Шүүхийн тухай хуулиар шүүхийн засаглал, шударга ёсны үндсийг тавьж буй. Шүүгч хэнээс ч, юунаас ч хараат бус ажиллах боломжийг энэ хуулиар бүрдүүлсэн гэж эрх баригчид онцолсон. “Хүн бүр шүүхийн өмнө тэгш эрхтэй байна” гэсэн Үндсэн хуулийн зарчим Шүүхийн тухай хуулиар бодитой хэрэгжих боломж бүрдэж байна.
Хуулийн төслийн амин сүнс гэж хэлж болохоор зохицуулалтын нэг болох шүүгчийн сахилгын зөрчилд хариуцлага хүлээлгэх, ингэснээр шүүгч өндөр ёс зүйтэй байх асуудал юм. Өөрөөр хэлбэл, шүүгчид хориглох 40 гаруй зөрчлийг хуульд дэлгэрэнгүй тодорхой тусгаж өгсөнөөрөө онцлог.
Хариуцлага алдсан ёс зүйгүй шүүгчид хариуцлага тооцох хараат бус Сахилгын хороо энэ хуулиар ажиллана. Сахилгын хороо орон тооны есөн гишүүнээс бүрдэнэ. Сахилгын хорооны бүрэлдэхүүнд орох шүүгч гишүүн нь шүүгчээр 10-аас доошгүй жил ажилласан, сахилгын шийтгэлгүй, бусад гишүүн нь хууль зүйн өндөр мэргэшилтэй, эрх зүйч мэргэжлээр 10-аас доошгүй жил ажилласан, төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрээгүй, сүүлийн таван жил шүүгч, улс төрийн албан тушаал болон улс төрийн намын удирдах албан тушаал эрхэлж байгаагүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй Монгол Улсын иргэн байна. Сахилгын хорооны бүрэлдэхүүнд хяналтын шатны шүүхээс нэг, давж заалдах шатны шүүхээс хоёр, анхан шатны шүүхээс нэг шүүгчийг нийт шүүгчийн чуулганаас нууц санал хураалтаар сонгож, Сахилгын хорооны бүрэлдэхүүнд орох бусад таван гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр УИХ томилно. Сахилгын хорооны шүүгч бус гишүүн нь шүүгчээр ажиллаж байгаагүй иргэн байна.
ШҮҮГЧИД САХИЛГЫН ХЭРЭГ ҮҮСГЭСНЭЭР ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦАА ТООЛОХЫГ ЗОГСООНО
Шүүгчийг хамгаалах чиг үүрэг бүхий Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, бүрэлдэхүүн, томилох журам, тавигдах шаардлагыг хуульд тусгасан. Тухайлбал, огцруулах шийтгэл оногдуулах сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 2 жил, зөрчил гаргаснаас хойш 5 жил өнгөрсөн бол, огцруулахаас бусад сахилгын шийтгэл оногдуулах сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 жил, зөрчил гаргаснаас хойш 2 жил өнгөрсөн бол тус тус сахилгын шийтгэл оногдуулахгүй байхаар зохицуулж өгсөн.
ҮХНӨ-д нийцүүлэн ШЕЗ-ийн 10 гишүүний тавыг шүүгчид дотроосоо буюу хяналтын шатны шүүхээс нэг, давж заалдах болон анхан шатны шүүхээс тус бүр хоёр шүүгчийг бүх шатны шүүхийн нийт шүүгчээс бүрдсэн чуулганаасаа сонгохоор, бусад таван гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулалтыг үндэслэн УИХ-аас томилохоор процессийг тодорхой тусгасан.
Мөн ШЕЗ-ийн гишүүнд тавих шаардлагыг өндөрсгөж, тодорхой болгов. Тухайлбал, ШЕЗ-ийн шүүгч гишүүн нь шүүгчээр 10-аас доошгүй ажилласан, сахилгын шийтгэлгүй байх, бусад гишүүн нь эрх зүйч мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан, хууль зүйн өндөр мэргэшилтэй, сүүлийн 5 жил шүүгч, улс төрийн албан тушаал болон улс төрийн намын удирдах албан тушаал эрхэлж байгаагүй байх шаардлагыг тусгасан. Шүүхийг тойргийн зарчмаар байгуулж болох зохицуулалтыг хуульд тусгахдаа анхан болон давж заалдах шатны шүүхийг тойргын зарчмаар байгуулна.
Шүүгчийг хөндлөнгийн нөлөөллөөс хамгаалах эрх зүйн орчныг бүрдүүлж хуульд Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч, шүүгч, Улсын Ерөнхий прокурор зэрэг албан тушаалтан нь шүүгчтэй албан ажлаар уулзах тохиолдолд тэмдэглэл хөтөлж, тухайн байгууллагын нууцын асуудал хариуцсан албан тушаалтанд өгнө.
Түүнчлэн Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдалд халдсан, алдагдуулсан шинжтэй шийдвэр гаргасан, эсхүл Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч, Улсын Ерөнхий прокурор ийм шинжтэй үйл ажиллагаа явуулсан бол ШЕЗ нэн даруй хуралдаж ҮХЦ-д хүсэлт гаргуулах саналыг УДШ-ээр уламжлуулан хүргүүлж, шийдвэрлүүлэхээр тусгасан.
Монгол Улсын дээд шүүх гэдэг бүлэг нь Шүүхийн тухай хуулийн шинэчлэлийн цөм хэсэг. Улсын дээд шүүх шүүн таслах ажиллагааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
- Хуулиар тусгайлан харьяалуулсан тохиолдолд хэрэг, маргааныг анхан шатны журмаар хянан шийдвэрлэх;
- Хуульд заасан үндэслэл, журмын дагуу давж заалдах шатны шүүх анхан шатны журмаар шийдвэрлэсэн хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэх;
- Хуульд заасан үндэслэлээр Улсын дээд шүүхийн танхимын шүүх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй болсон тохиолдолд шүүх бүрэлдэхүүнийг томилох;
ШҮҮГЧИД ТАВИХ БОЛЗОЛ, ШААРДЛАГА
Шүүгчид тавих болзол, шаардлага
31.1.Шүүгч Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан болзол болон дараах шаардлагыг хангасан байна:
31.1.1.эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй;
31.1.2.шүүгчид нэр дэвших үед яллагдагчаар татагдаагүй;
31.1.3.шүүгчээр ажиллахад харшлах өвчин, сэтгэцийн эмгэггүй болохыг тогтоосон эрх бүхий эмнэлгийн мэргэшсэн эмчийн магадлагаатай байх;
31.1.4.хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй байх;
31.1.5.шүүгчээр ажиллах мэдлэг, чадвар, ёс зүйтэй байх.
31.2.Шүүгчээр томилогдон ажиллахад харшлах өвчний жагсаалт болон энэ хуулийн 40.2.2-т заасан эрүүл мэндийн шалтгааныг тогтоох журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, Ерөнхий зөвлөлийн дарга хамтран батална.
31.3.Давж заалдах шатны шүүхийн шүүгч энэ хуулийн 31.1-д зааснаас гадна анхан шатны шүүхэд шүүгчээр зургаагаас доошгүй жил ажилласан байна.
31.4.Улсын дээд шүүхийн шүүгч энэ хуулийн 31.1-д зааснаас гадна дараах шаардлагын аль нэгийг хангасан байна.
31.4.1.шүүгчээр 10-аас доошгүй жил ажилласан;
31.4.2.прокурор, эсхүл өмгөөлөгчөөр дагнан 10-аас доошгүй жил ажилласан;
31.4.3.магадлан итгэмжлэгдсэн хууль зүйн их, дээд сургуульд 10-аас доошгүй жил багшилсан.
31.5.Сүүлийн зургаан жилд улс төрийн болон улс төрийн намын удирдах албан тушаал эрхэлж байсан хүнийг шүүгчээр томилохыг хориглоно.
31.6.Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн гуравны хоёроос доошгүй нь энэ хуулийн 31.4.1-д заасан шүүгч байна. Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч нь шүүгчээр 10-аас доошгүй жил ажилласан байна.
ШҮҮГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ, ТОМИЛОХ
Шүүгчийг сонгон шалгаруулах журам
32.1.Хуульчдаас шүүгчийг шилж олох, сонгон шалгаруулах, шүүгчийн албан тушаалд нэр дэвшүүлэх ажлыг Ерөнхий зөвлөл нээлттэй, ил тод, хараат бус байх, хууль дээдлэх зарчмыг баримтлан зохион байгуулна.
Шүүгчийг томилох, танхимын тэргүүн, Ерөнхий шүүгчийг сонгох
36.1.Анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийг Ерөнхий зөвлөлийн санал болгосноор, хяналтын шатны шүүхийн шүүгчийг Ерөнхий зөвлөл Улсын Их Хуралд танилцуулснаар Ерөнхийлөгч 14 хоногийн дотор томилно.
36.2.Улсын Их Хурал Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн[1] 104 дүгээр зүйлд заасан журмын дагуу танилцана.
36.3.Ерөнхий зөвлөл энэ хуулийн 36.2-т заасны дагуу Улсын Их Хурал танилцсан нэр дэвшигчийг долоо хоногийн дотор Улсын дээд шүүхийн шүүгчээр томилуулах саналыг Ерөнхийлөгчид хүргүүлнэ.
36.4.Ерөнхий зөвлөлөөс санал болгосон нэр дэвшигч энэ хуулийн 31 дүгээр зүйлд заасан шүүгчид тавих болзол, шаардлага хангаагүй гэж үзвэл Ерөнхийлөгч энэ тухай Ерөнхий зөвлөлд албан бичгээр мэдэгдэнэ.
36.5.Ерөнхий зөвлөл Ерөнхийлөгчийн саналыг дахин нягталж, томилохоос татгалзсан үндэслэл тогтоогдоогүй тохиолдолд тухайн нэр дэвшигчийг дахин санал болгох, нотлогдсон тохиолдолд Монгол Улсын Үндсэн хууль, энэ хуульд заасан журмаар өөр нэр дэвшигчийг санал болгоно.
36.6.Энэ хуулийн 36.2-т заасан танилцах сонсголыг зохион байгуулах журмыг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо /цаашид “Байнгын хороо” гэх/ батална.
36.7.Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүх санал болгосноос хойш Ерөнхийлөгч 14 хоногийн дотор зургаан жилийн хугацаагаар, зөвхөн нэг удаа томилно.
36.8.Улсын дээд шүүхээс бусад шүүхийн Ерөнхий шүүгчийг тухайн шүүхийн Зөвлөгөөнөөс нууц санал хураалтаар гурван жилийн хугацаагаар олонхын саналаар сонгох бөгөөд нэг удаа улируулан сонгож болно.
36.9.Энэ хуулийн 36.8-д заасны дагуу Ерөнхий шүүгчийг сонгоогүй бол шүүгчээр хамгийн олон жил ажилласан шүүгчийг гурван жилийн хугацаагаар тухайн шүүхийн Зөвлөгөөнөөс томилно.
36.10.Танхимын тэргүүнийг тухайн шүүхийн Зөвлөгөөн дотроосоо нууц санал хураалтаар, гурван жилийн хугацаагаар сонгох бөгөөд түүнийг нэг удаа улируулан сонгож болно.
36.11.Ерөнхийлөгч шүүгчийг томилсон тухай зарлиг гаргана.
ШҮҮГЧИЙН БҮРЭН ЭРХИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ, ШҮҮГЧИЙН БҮРЭН ЭРХ ТҮДГЭЛЗЭХ
39.1.Ерөнхий зөвлөл болон Сахилгын хорооны гишүүнээр сонгогдсоноор шүүгчийн бүрэн эрх нь түдгэлзсэнд тооцогдох бөгөөд дараагийн гишүүн сонгогдсоноор бүрэн эрх нь сэргэнэ.
39.2.Ерөнхий зөвлөл шүүгчийг сураггүй алга болсонд тооцсон шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон үндэслэлээр шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх бөгөөд түдгэлзүүлсэн үндэслэл арилсан бол бүрэн эрхийг сэргээнэ.
39.3.Шүүгчийн бүрэн эрх энэ хуулийн 39.1-д заасан үндэслэлээр түдгэлзсэнд тооцогдсон нь түүний халдашгүй байдал, цалин хөлс, эдийн засаг, нийгмийн хангамжийн баталгааг хасах үндэслэл болохгүй.
39.4.Сахилгын хороо шүүгчид эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан шалгахтай холбогдуулан бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай эрх бүхий байгууллагаас ирүүлсэн саналыг хянан үзээд түдгэлзүүлсэн бол шийдвэрээ Ерөнхий зөвлөлд танилцуулна.
39.5.Энэ хуулийн 39.4-т заасан үндэслэлээр бүрэн эрх нь түдгэлзсэн шүүгчид уг хугацаанд цалин хөлсийг 90 хувиар тооцож олгоно.
39.6.Энэ хуулийн 39.4-т заасан түдгэлзүүлсэн үндэслэл арилсан бол Сахилгын хороо шүүгчийн бүрэн эрхийг даруй сэргээж, энэ тухай Ерөнхий зөвлөлд мэдэгдэнэ.
ШҮҮГЧИЙН БҮРЭН ЭРХ ДУУСГАВАР БОЛОХ
40.1.Шүүгч хуульд заасан өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн, эсхүл шүүгчээр 25 жил ажилласан бол өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэр тогтоолгож, чөлөөлөгдөж болно.
40.2.Ерөнхий зөвлөлийн саналыг үндэслэн Ерөнхийлөгч дараах үндэслэлээр шүүгчийн бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө дуусгавар болгож, чөлөөлнө:
40.2.1.шүүгч албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ бичгээр гаргасан;
40.2.2.эрүүл мэндийн шалтгаанаар шүүгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх боломжгүй болсон;
40.2.3.шүүгч Ерөнхий зөвлөл, Сахилгын хорооны гишүүнээр сонгогдсоноос бусад ажил, албан тушаалд шилжсэн, томилогдсон, сонгогдсон;
40.2.4.Монгол Улсын харьяатаас гарах болсон, эсхүл гадаад улсын нутаг дэвсгэрт байнга оршин суух эрх, зөвшөөрөл авсан;
40.2.5.шүүгч Ерөнхийлөгчийн болон Улсын Их Хурлын, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвших болсон;
40.2.6.шүүгчийн иргэний эрх зүйн чадамжийг хязгаарласан, эсхүл иргэний эрх зүйн чадамжгүйд тооцсон шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон;
40.2.7.шүүгч нас барсан, эсхүл нас барсанд тооцох тухай шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон;
40.2.8.эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах тухай шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон;
40.2.9.шүүгчийн өндөр насны тэтгэвэрт гарах насны дээд хязгаарт хүрсэн.
40.3.Энэ хуулийн 39.1-д зааснаас бусад үндэслэлээр шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн, албан тушаалаас чөлөөлсөн, огцруулсан үндэслэл хууль бус байсан нь эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэр, хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бол шүүгчийн бүрэн эрхийг сэргээж, цалин хөлсийг нөхөн олгоно.
40.4.Ерөнхий шүүгч, танхимын тэргүүнээр ажиллах хугацаа дууссан нь шүүгчийн бүрэн эрх дуусгавар болох үндэслэл болохгүй.
40.5.Шүүгч огцорсон бол түүнийг шүүгчийн сонгон шалгаруулалтад оролцуулахгүй.
40.6.Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч өөрийн хүсэлтээр албан тушаалаас чөлөөлөгдөх бол хүсэлтээ Улсын дээд шүүхийн Зөвлөгөөнд гаргах бөгөөд Зөвлөгөөн хүсэлтийг үндэслэлтэй гэж үзвэл Ерөнхийлөгчид уламжилна. Ерөнхий шүүгч албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтийн үндэслэлээ олон нийтэд мэдээлэх үүрэгтэй.
ШҮҮГЧИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХӨНДЛӨНГӨӨС ОРОЛЦОХЫГ ХОРИГЛОХ
44.1.Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын гишүүн болон Засгийн газрын гишүүн, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, Ерөнхий зөвлөл, Сахилгын хорооны гишүүн, аливаа байгууллага, албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцох, нөлөөлөхийг хориглоно.
44.3.Хуульд өөрөөр заагаагүй бол шүүгчээс хянан шийдвэрлэж байгаа болон хянан шийдвэрлэсэн хэргийнх нь талаар өөрийг нь холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа байгууллага, албан тушаалтан тайлбар, мэдүүлэг авахаар шаардахыг хориглоно.
44.4.Хуульд өөрөөр заагаагүй бол хэргийн баримттай танилцуулахыг хэргийн оролцогчоос бусад этгээд шүүгчээс шаардахыг хориглоно.
НӨЛӨӨЛЛИЙН МЭДҮҮЛЭГ ХӨТЛӨХ
45.1.Тухайн хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч, шүүх бүрэлдэхүүнд аливаа этгээдээс нөлөөлөхөөр оролдсон бүх тохиолдлыг тэмдэглэн баталгаажуулж нөлөөллийн мэдүүлэг хөтөлнө.
ШҮҮХ, ШҮҮГЧИЙН ЭДИЙН ЗАСГИЙН БАТАЛГАА
46.1.Шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээ нь эдийн засгийн хувьд бусдаас хараат бус ажиллах, амьдрахад хүрэлцээтэй, баталгаатай байх боломжийг хангасан байна.
46.2.Шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэнэ.
46.3.Шүүгчийн албан тушаалын цалин, нэмэгдлийн хэмжээ болон нэмэгдэл олгох журам, шүүгчийн орон тоог Ерөнхий зөвлөлийн өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал тогтооно.
46.4.Шүүхийн төсвийг батлахдаа шүүгчийн цалин хөлсний бүрэлдэхүүн, хэмжээг бууруулж болохгүй.
46.5.Шүүгчийн албан ёсны айлчлал, томилолт, төрийн ёслол, хүндэтгэл, энэ хуулийн 15.6-д заасны дагуу томилолтоор ажиллах болон бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбогдсон бусад арга хэмжээний зардлыг шүүхийн төсвөөс санхүүжүүлнэ.
46.6.Шүүгч ээлжийн амралтаараа дотоодын амралт, сувиллын газарт, эсхүл өөрийн болон эхнэр /нөхөр/-ийн төрсөн нутагт амрах тохиолдолд түүний очих, ирэх замын зардлыг хоёр жилд нэг удаа шүүхийн төсвөөс авто замын зорчигч тээврийн зардлаар тооцож олгоно.
46.7.Шүүгчийн ажлын ачаалал тооцох шалгуур үзүүлэлт, шүүгчид нэмэгдэл урамшуулал олгох журмыг Ерөнхий зөвлөл батална.
ШҮҮГЧИД ОНОГДУУЛАХ САХИЛГЫН ШИЙТГЭЛ
Шүүгч сахилгын зөрчил гаргасан бол Сахилгын хороо дараах сахилгын шийтгэлийн аль нэгийг оногдуулна:
56.1.1.хаалттай сануулах;
56.1.2.нээлттэй сануулах;
56.1.3.цалингийн хэмжээг зургаа хүртэл сараар 20 хүртэл хувиар бууруулах;
56.1.4.шүүгчийн бүрэн эрхийг гурван сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж, сургалтад суухыг даалгах;
56.1.5.огцруулах.
56.2.Энэ хуулийн 56.1.5-д зааснаас бусад шийтгэл оногдуулах сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш нэг жил, зөрчил гаргаснаас хойш хоёр жил өнгөрсөн бол шүүгчид сахилгын шийтгэл оногдуулж болохгүй.
56.3.Энэ хуулийн 56.1.5-д заасан шийтгэл оногдуулах сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш хоёр жил, зөрчил гаргаснаас хойш таван жил өнгөрсөн бол шүүгчид сахилгын шийтгэл оногдуулж болохгүй.
56.4.Шүүгчид сахилгын хэрэг үүсгэснээр энэ хуулийн 56.2, 56.3-т заасан хөөн хэлэлцэх хугацаа тоолохыг зогсооно.
56.5.Энэ хуулийн 56.1.4-т заасан шийтгэл оногдуулсан хугацаанд шүүгчид албан тушаалын цалинг 50 хувиар тооцож олгоно.
56.6.Энэ хуульд заасан хугацааг тодорхойлох, тоолоход Иргэний хуулийн Наймдугаар бүлэгт заасан зарчмыг баримтална.
56.7.Сахилгын зөрчлийн шинж чанар, хэр хэмжээ, зөрчлийн хүнд, хөнгөн, үр дагавар, шүүгчийн хувийн зан байдал болон бусад нөхцөл байдалд тохирсон сахилгын шийтгэлийг шүүгчид оногдуулна.
56.8.Дараах үндэслэл бий болсон тохиолдолд шүүгчийг огцорсонд тооцож Сахилгын хороо шийдвэр гаргана:
56.8.1.энэ хуулийн 56.1.1, 56.1.2-т заасан шийтгэл оногдуулах зөрчлийг 10-аас дээш удаа, эсхүл энэ хуулийн 56.1.3, 56.1.4-т заасан шийтгэл оногдуулах зөрчлийг таваас дээш удаа гаргаж сахилгын шийтгэл хүлээсэн;
56.8.2.гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон.
56.9.Сахилгын хороо шүүгчийг огцруулсан бол Ерөнхийлөгчид танилцуулна.