Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-ийн ажилтан танил хүмүүсийнхээ PCR шинжилгээний хариуг хуурамчаар үйлддэг байжээ. Тэрбээр мөн нөхрийнхөө өмнөөс шинжилгээ өгдөг байсан аж. Хамгийн сүүлд түүний өгсөн шинжилгээний хариу нь эерэг буюу халдвартай гарснаар энэхүү хуурамч үйлдэл нь илэрчээ.
Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр /2021.03.17/ Эрүүл мэндийн яам болон ХӨСҮТ-ийн удирдлагуудтай хуралдах үеэр “ХӨСҮТ-ийн ажилтан нь танил хүмүүсийнхээ шинжилгээний хариуг өөр хүний шинжилгээгээр солих, нөхрийнхөө өмнөөс 2-3 удаа PCR шинжилгээ өгсөн зэрэг тохиолдол гарлаа. Өнөөдөр нөхөр нь хөдөө явах болоход өмнөөс нь дахин шинжилгээ өгтөл хариу нь эерэг буюу халдвартай гарсан байна. Бид ойрын хавьтлыг хөөгөөд байгаа гэсэн боловч халдварын батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын хариу нь сөрөг буюу халдваргүй гараад халдвартай хүний хариу нь халдваргүй гэж гарч байна. Энэ бол маш хариуцлагагүй, ноцтой хууль зөрчсөн үйлдэл юм. Мөн шинжилгээ авахдаа иргэдээс мөнгө авдаг, ар өврийн хаалга хэрэглэдэг зэрэг нь тандалт судалгааны ажлыг үр дүнгүй болгож байна” гэж мэдэгдэв.
ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн “Энэ бол маш ноцтой асуудал. Бид энэ асуудлыг судлах ажлын хэсэг гаргасан. Уг үйлдэл үнэн болох нь баримтаар тогтоогдвол байгууллагынхаа дотоод журмын дагуу арга хэмжээ авна” гэлээ.