Европын холбоо энэ долоо хоногт Хятадын зарим албан тушаалтнуудыг хүний эрх зөрчсөн хэргээр хар жагсаалтад оруулахаар шийджээ. Энэ бол 1989 оны Тиананмен талбайн хэргээс хойш Европын холбоо Бээжинд хориг тавьж буй анхны тохиолдол юм.
Тухайлбал, Европын холбоо Хятадын дөрвөн иргэн, нэг аж ахуй нэгжийг Европод зорчихыг хориглон, Европ дахь хөрөнгийг нь царцаасан байна. Гэхдээ Европын холбооны гадаад хэргийн сайд нар гуравдугаар сарын 22-нд зөвшөөрөх эсэхээ шийдтэл хориг тавьсан хүмүүсийн нэрийг нууцлах аж.
Гэвч энэ хориг арга хэмжээ бол Европын холбоо Хятадад чиглэсэн бодлогоо чангаруулж байгаагийн бэлгэ тэмдэг төдий зүйл юм. Өмнө нь Европ Хятадыг итгэмжит түнш хэмээн хардаг байсан бол өдгөө хүний эрх, эрх чөлөөг дарангуйлан устгагч хэмээн харах болжээ.
Түүнээс гадна Европын холбоо 1989 онд Хятадад тавьсан зэвсгийн хоригоо одоо болтол сулруулаагүй байгаа. Албаныхны мэдээлж байгаагаар Европын холбоо Хятадын эрх баригчдыг Шинжаан дахь үндэсний цөөнх Уйгур, мусульманчуудын эрхийг ноцтой зөрчиж байна хэмээн үзэж дээрх арга хэмжээг авчээ. Мөн тус арга хэмжээ нь Европ, АНУ, Канад дахь уйгурчуудын байр суурийн илрэл болж байгаа гэнэ.
Эх сурвалжууд болон НҮБ-ын хүний эрхийн мэргэжилтнүүдийн мэдээлж байгаагаар Шинжаанд өдгөө дор хаяж нэг сая уйгурчууд хоригдож байна. Түүнчлэн хүний эрхийн төлөө тэмцэгч нар болон барууны зарим улстөрчид Бээжинг уйгур хоригдлуудад хүч хэрэглэж, эрүү шүүж, хүчээр хөдөлмөр эрхлүүлж байна хэмээн үзэж буй.
АНУ, Канадын шийдвэртэй Недерланд санал нэгдэж, Хятадыг уйгурчуудын эсрэг геноцид үйлдэж байна хэмээн үзсэн байна. Гэвч Хятадын тал дээрх дүгнэлтийг тууштай эсэргүүцэж, бодлогоо өөрчлөхгүй гэдгээ мэдэгдсэн аж. Тухайлбал, Хятадын Элчин сайд Жан Мин “Хориг арга хэмжээ бол өдөөн хатгалга. Бид өдөөн хатгалга биш харилцан яриа хүсч байна. Тиймээс Хятадын талаас Европын холбоог дахин бодож үзэхийг санал болгож байна. Хэрвээ өдөөн хатгалга хэвээр байвал бид ч гэсэн бууж өгөхийг мэдэхгүй. Бид өөрсдийн иргэдийг хамгаалахын төлөө боломжтой бүхнийг хийхэд бэлэн” хэмээн ярьжээ.
Эх сурвалж: REUTERS