Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу Монгол бахархлын өдөр жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд тохиодог. Энэ өдөр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататгах, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулахад хувь нэмрээ оруулсан эрхмүүдэд Ерөнхийлөгчийн зарлигаар ‘Чингис хаан’ одон гардуулдаг уламжлалтай.
2005 оноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд нийт 11 эрхэмд тус одонг олгожээ. Өнгөрсөн жил ‘The Hu’ хамтлагт Монгол бахархлын өдөр буюу 11 сарын 27-нд Чингис хаан одонг хүртээж байсан бол энэ жил МУГЖ, дуучин С.Жавхлангийн санаачилсан ‘Хамаг Монгол’ төсөлд олгохоор болжээ. С.Жавхлан энэ төслөө 2013 онд эхлүүлж, нэг жилийн хугацаанд Буриад, Халимаг, Өвөрмонгол, Тува зэрэг Монгол туургатан ахан дүүсээ дуу хуураар нэгтгэж, Дэлхийн Монгол төсөл болтол нь өргөжүүлж чадсан юм.