Донорын тухай хууль болон эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний талаар олон нийтэд таниулж, донор болохоо зөвшөөрсөн иргэдийн төлөөлөл донорын зөвшөөрлийн картаа гардаж авлаа.
Өнөөдрийн байдлаар, бөөр 224 /тархины үхэлтэй донороос 29/, элэг 131 /тархины үхэлтэй донороос 12/, ясны чөмөгнөөс үүдэл эс 23, нүдний эвэрлэг 24 шилжүүлэн суулгаад байгаа юм байна.
Монгол Улсын Донорын тухай хуульд “…25 нас хүрсэн иргэн эрхтэнээ бусдад шилжүүлэн суулгахыг зөвшөөрсөн шийдвэрээ өөрийн харьяа болон аль ч эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний байгууллагад гарын үсгээр баталж, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, цахим картад тэмдэглүүлж болно” гэж заасан байдаг. Мөн Эрүүл Мэндийн Сайдын тушаалаар Донорын зөвшөөрлийн тэмдэглэгээ хийх журам баталсан. Энэ журмын хэрэгжилтийг хангахаар Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах ажлыг зохицуулах албанаас Донор болохоо зөвшөөрсөн иргэдэд ийнхүү Донорын зөвшөөрлийн карт гардууллаа.
Монгол Улсын Донорын тухай хуулийг 2018 онд шинэчлэн баталж Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах ажлыг зохицуулах алба байгуулагдсан. Монгол Улсад амьд болон тархины үхэлтэй донороос элэг, бөөр, ясны чөмөгнөөс үүдэл эс, нүдний эвэрлэг, бэлгийн эс зэрэг эс, эд, эрхтэнг шилжүүлэн суулгадаг.