Коронавируст цар тахлын нөхцөл байдал хүндэрч, халдварын тархалт огцом нэмэгдэж байгаа тул Эрүүл мэндийн яамнаас хөл хорио тогтоох саналаа Улсын онцгой комисст оруулаад буй. Өчигдөр Засгийн газрын хуралдаанаар хатуу хөл тогтоох саналыг дэмжсэн гэх мэдээллийг Засгийн газрын ХМОНХ-ийн дарга Ц.Ганзориг үгүйсгэсэн. Тухайлбал. “Хөл хорионы талаар Засгийн газар, УОК хэлэлцээгүй. Хөл хориог тогтоох бол аль болох эрт мэдээллэж байгаа. ЭМЯ нөхцөл байдлын мэдээллийг лхагва гараг бүр танилцуулдаг. УОК хөл хориог хэлэлцээд Засгийн газрын хуралдаанаар эцсийн шийдвэр гаргана” хэмээн тайлбарласан юм.
Тэгвэл Улсын онцгой комиссын дарга, Шадар сайд С.Амарсайхан өчигдөр үдэш өөрийн цахим хуудсаар дамжуулан дараах мэдэгдлийг хийжээ.
“Засгийн газар, УОК иргэдийнхээ эрүүл мэндийг ч хамгаалаж, айл өрх, аж ахуйн нэгжүүдийн орлогыг тасалдуулахгүй, үйл ажиллагааг нь ч хэвийн явуулахын тулд боломжит бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлсээр ирлээ.
Засгийн газараас вакцинжуулалтыг эрчимжүүлж, өнөөдрийн байдлаар насанд хүрсэн 2 сая 60 мянга гаруй иргэдийнхээ 25 хувийг вакцины эхний тунд хамруулаад байна.
Гэвч Монгол төрд монгол хүний амь наснаас илүү үнэ цэнэтэй зүйл гэж үгүй учир халдварын тархалт эрчимтэй нэмэгдэж байгаа энэ үед хөдөлгөөний хатуу хязгаарлалт давхар хийж, тархалтыг хумих шаардлага үүсэж байна. Улс орны минь эрхэм баялаг нь Эрүүл хүн ард. Вакцинаа тариулсан та халдвараас хамгаалж, маскаа зүүж, зайгаа барьж, шаардлагагүй бол гадуур гарахгүй байхыг хүсье!!!” гэжээ.