ШУТИС-ийн харъяа Үйлдвэрлэл технологийн сургуулийг насжилт дууссан гэх шалтгаанаар газрыг нь чөлөөлөх асуудал хардлага дагуулах болов. Өдгөө 70 жилийн настай тус сургууль хотын А зэрэглэлийн бүсэд их, дээд сургуулиудтай хаяа залган оршдог. Анх 1951 онд баригдсан цагаас хойш үйл ажиллагаагаа хэвийн явуулсаар өдий хүрсэн. Энэ хугацаанд шилэн барилгуудаар хүрээлэгдэж, газар нь хумигдсаар иржээ. Гэтэл одоо элэгдэж хуучирсан хэмээн сургуулийн газрыг чөлөөлөхөөр болж, тендер шалгаруулсан байна.
Тендерийн нээлттэй сонгон шалгаруулалт:
БҮТ: НҮҮЛГЭХ ТАЛААР АЛБАН ЁСНЫ МЭДЭЭЛЭЛ ИРҮҮЛЭЭГҮЙ
Өнөөдрийн байдлаар Боловсролын үнэлгээний төвд нүүх, газар сэлгэх талаар албан ёсны мэдээлэл ирээгүй байна. Тус төвийн захирал Л.Ганбат “Манай Боловсролын үнэлгээний төв хаашаа ч нүүхгүй, одоо байгаа байрандаа үйл ажиллагаа явуулж байна. Манайхыг нүүх эсэх талаар яамнаас албан ёсны мэдээлэл ирүүлээгүй” гэх байр суурь илэрхийлсэн.
Албаны эх сурвалжийн мэдээлснээр, сургуулийн газрыг ирэх намраас чөлөөлөхөөр төлөвлөжээ. Уг нь Үйлдвэрлэл технологийн сургуулиас түүхэн барилгыг нь шинэчлэх талаар 2017 оноос эхлэн үе үеийн сайд, дарга нарт уламжилсаар иржээ. Багш нарын хэлж буйгаар олон арван жилийг элээсэн тоосгон барилгад нь түүхэндээ дорвитой засвар хийж байгаагүй тул эрдэм шинжилгээ, судалгааны ажил явуулахад бэрх болж. Иймд мэргэжлийн байгууллагаар нь дүгнэлт гаргуулж, чамгүй судалгаа хийсэн байна. Улмаар “Үйлдвэрлэлийн технологи, судалгаа инновацын төв” байгуулах санал дэвшүүлсээр байтал огт шийдвэрлэлгүй таван жил гацжээ. Гэтэл мэргэжлийн хяналтын байгууллагын “насжилттай учир сайжруулах хэрэгтэй” гэсэн дүгнэлтийг “сугалж аваад” нураах шалтаг болгосонд эрдэмтэн багш нар дургүйцэж байгаа юм.