УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, эцэслэн батлав.
Тус хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэсэн дүгнэлтийг Цэцээс гаргасан.
УИХ цэцийн дүгнэлтийг хүлээн авснаар Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлага үүссэн.
“Энэ хуулийн өөрчлөлттэй холбоотойгоор төсвийн тодотгол хийхгүй. Өрх толгойлсон эцэг, эхийн тэтгэмжийг 7,200 хүн авдаг. Үүнд өөрчлөлт орохгүй. Харин 0-3 насны хүүхдээ гэртээ асардаг эхчүүд одоогийн байдлаар Цалинтай ээж хөтөлбөрт хамрагддаг. Үүн дээр 0-3 насны хүүхдээ гэртээ асарч байгаа аав нарыг оруулж байгаа. Ингэснээр жилд 20,000 орчим эцэг тэтгэмж авах боломжтой” талаарх мэдээллийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа өгч байв.
Тус хуулийг 2021 оны долоодугаар сарын 1-нээс дагаж мөрдөнө.