Сэлэнгэ аймагт коронавирусийн анхны батлагдсан тохиолдлын нэгдүгээр хавьтал болох ээж, хүү хоёрын шинжилгээ эерэг гарсан.
Тэгвэл шинээр батлагдсан энэхүү хоёр тохиолдлын нэг нь цэцэрлэгийн багш болох тухай мэдээлэл гараад байгаа юм. Энэ талаар Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газраас тодрууллаа.
Тус аймгийн анхны тохиолдол болох иргэн Ц-ийн бэр Д нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд багшилдаг байна. Тиймээс түүний багшилдаг ангийн хүүхдүүдийн эцэг, эхчүүдийг ажилладаг байгууллагаар нь ангилсан байна.
- УБТЗ, Сүхбаатар өртөөнд 17
- хилийн 0243-р ангид нэг
- дэлгүүрт гурав
- банкнаас нэг
- гэртээ суудаг найм
- хувираа хөдөлмөр эрхлэгч 10 эцэг эх байна.
Эдгээр хүмүүстэй бүгдтэй нь холбогдож, зөвлөмж өгчээ.
Мөн иргэн Д-ийн хүү нь тавдугаар ангид сурдаг бөгөөд анги нь 30 хүүхэдтэй аж. Тиймээс ангийнх нь хүүхдүүдтэй холбогдож, анхаарал хандуулж байгаа талаар хэллээ.
‘Ээж, хүү хоёр ямар ч буруу байхгүй. Тиймээс та бүхэн битгий эдгээр хүмүүсийг буруутгаарай. Сэтгэл санаагаар дэмжээд өгөөч. Иргэн Ц нь нэгдсэн эмнэлгээр үйлчлүүлсэн. Нэгдсэн эмнэлэгт байсан хүмүүсийг ойрын хавьтал гэж тогтоогоод, үлдсэн 12 хүнийг шинжилгээнд хамруулсан. Өнгөрсөн шөнө авсан 12 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан. Сэлэнгэ аймгийн хөдөлгөөнийг бүрэн зогсоосон’ хэмээн мэдээллийг өглөө.
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум нь 25,000 хүн амтай.