Эрүүл мэндийн яам /ЭМЯ/ Covid-19 цар тахлын талаарх 17.00 цагийн ээлжит мэдээллээ хийлээ. Энэхүү мэдээллийн үеэр ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл ‘Covid-19 -ийн халдвар хоёр хүнээс шинээр илэрч, улсын хэмжээнд нийт 414 тохиолдол бүртгэгдсэн’ гэлээ. Тодруулбал, халдвар авсан тээврийн жолооч Д-ын ойрын хавьтал болох дөрвөн настай хүүхдээс вирус илэрснээр энэ голомтоос нийт долоон хүн халдвар авсан аж. Эдгээр хүмүүс бүгд ХӨСҮТ-д тусгаарлагджээ. Хүүхдийн ойрын хавьтлыг одоо тогтоож байна. Хоёр дахь халдварын тохиолдол аравдугаар сарын 24-нд Франкфуртын онгоцоор ирсэн хүний давтан шинжилгээнээс илэрсэн юм байна.
Тэрбээр Улаанбаатар хот, Сэлэнгэ аймагт халдварын голомт улам тэлж байна гэдгийг анхаарууллаа.